“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүдийн нэгдүгээр сарын тэтгэмжийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн “Капитал”, ХААН, “Төрийн банк”-аар дамжуулан олгоно.

Уг хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Одоогоор 100 орчим мянган ээж харъяа хорооны халамжийн хэлтэст бүртгүүлжээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарсаны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая төгрөг олгож байхаар зохицуулалт хийсэн юм. Харин гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болжээ. Хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн бол тухайн сараас нь тэтгэмжийг олгох бөгөөд хоцорсон сарын мөнгийг нөхөж олгохгүй.