Морины дуучин хэмээн алдаршсан МУГЖ Г.Батбаярын эрүүл мэндийн байдал хүнд байгаа учир Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос түүнд зориулж хандивын тоглолт хийж, хөрөнгө мөнгө бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл өчигдөр Монгол бөхийн өргөөнд түүнд зориулсан тоглолт амжилттай болж, түмэн олон гавъяатдаа туслах сайхан сэтгэлээр танхим дүүрэн цугласан байна.

   Олон сайхан морины дууг монгол түмнийхээ сэтгэлд хүргэсэн түүнд залуу уяачдын холбооноос мөн адил хүндэтгэл үзүүлжээ. Тодруулбал Монголын Морин Спорт, Залуу Уяачдын холбооноос "Шилдэг морины зүтгэлтэн" хэмээх нэрэмжит шагналаа 1.500.000 төгрөгийн хамт эрхэм гавьяатдаа сэтгэлийн хандив болгон өгч байгааг тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга болон холбооны удирдлагууд мөн Нийтийн дуучдын нэгдсэн холбооны төлөөллүүдийн хамт өчигдөр хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгт нь эргэн очиж гардуулан өгчээ. Ийнхүү олон сайхан хүмүүсийн сэтгэлийн дэмээр, монгол морины босоо цагаан хийморь ивээж эрхэм гавъяат маань хурдан эдгэрч, урт удаан наслаж, уран бүтээлээ дахин туурвих болтугай.