Хойд, урд гүрнийг холбосон гол тэнхлэг төмөр зам дайран өнгөрдөг Дорноговь аймаг Монгол Улсын ойрын ирээдүйд хөгжлийн тулгуур болно гэхэд маргах хүн үгүй биз.

Учир нь тэнд 250-300 мянган хүн ажиллах таван том үйлдвэр бүхий Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор баригдана. Байгалийн асар их баялаг нөөц, хүнд аж үйлдвэрийн парк, худалдааны чөлөөт бүс нээх бүтээн байгуулалт зэрэг нь энэ аймгийг яалт ч үгүй анхаарлын төвд аваачиж буй.

 

Гэвч Монголын хөгжлийн хөтөч байх учиртай Дорноговь аймаг урагшгүй “ноён”-ныхоо балгаар урагш алхаж чадахаа болих нь. Засаг дарга нь газрын наймаа, тендерийн будилаан гээд бүтэхгүй асуудалд байнга л нэр нь холбогдож, АТГ-т дуудагддаг “ажил”-тай болсон дорноговьчуудын дунд “Шинэчлэлийн” Засгийн газар, цаашлаад АН-ын нэр хүнд өдрөөс өдөрт унасаар. Үүнийг нотлох наад захын нэг жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 28-хан хувьтай гарсан үзүүлэлт. Хоёрхон хүн өрсөлдөөд 28 хувийн итгэлийг хүлээнэ гэдэг тун ч базаахгүй дүн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн бага хувийн санал авсан хоёр аймаг Хэнтий, Дорноговь байсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бас л Дорноговь аймаг улсын хэмжээнд хамгийн сүүлд бичигдсэн. Монгол Улсын хэмжээнд ард түмний дэмжлэгийг хүлээсэн Ерөнхийлөгчийг хоёр удаа ялагдуулж, нүүрийг нь улайлгасан Засаг даргатай Дорноговь аймагт тэгэхээр айсуй 2016 оны сонгуулиар АН элгээрээ мөлхсөний дараа гайхах хүн гарахгүй л болов уу. Дорноговь аймагт 2008 онд АН-ын нэр хүнд 43 хувьтай байсан бол өнөөдөр 24 хувиас дээш гарахгүй байгааг энд сануулахад ч илүүдэхгүй.

 

Үүний буруутан нь мөнөөх урагшгүй ноён П.Ганхуяг. Тиймдээ ч аймгийн ИТХ-д 16-уулаа буюу үнэмлэхүй олонхи болсон АН-ынхан Засаг даргаа огцруулах таван үндэслэлийг гаргаж тавьсныг ИТХ хэлэлцээд “огцруулах нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ үүнийг зарим хүн “МАН-ынхан Засаг даргыг унагачихлаа” гээд байдаг. “Үнэндээ Баяраа өөрөө уначихсан юм байна лээ ш дээ” гэдэг шиг Ерөнхий сайд намынхаа гишүүдийн гарын үсэг бүхий бичигт ямар хариу өгөхийг цаг хугацаа харуулна.

 

Ингэхэд засгийн тэргүүн нь хүртэл хаацайлаад байгаа П.Ганхуяг хэн бэ? Яаманд мэргэжилтэн байсан, дараа нь хувийн компанид менежерийн ажил хийдэг байсан П.Ганхуяг улстөрд “гэнэтийн хүн”. Анхнаасаа цэнхэр угшилтай биш. Харин “Эх орон” намаас нэр дэвшээд унасныхаа дараа 2008 оны сонгуулиар гэнэт АН-ын нэр дэвшигч болсон тэрээр бас л өвдөг шороодсон байдаг. Улстөрд замнасан замнал нь үргэлж уналттай.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу