“Шунхлай”-нхан шуналтай хүмүүс үү, эсвэл шатахууны үнээр шантааж хийгээд байна уу. Ямартай ч эл компанийнхан өнгөрсөн долоо хоногт шатахууны үнийг хөөрөгдүүлж иргэдээр тохуурхав.

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Шунхлай үнээ нэмсэн талаар судалж үзсэн. Үнэ нэмэх шаардлага байгаагүй. “Шунхлай” үнээ нэмсэн учраас бид Монголбанкнаас хөнгөлөлттэй зээлээр олгосон мөнгийг буцааж авахаас гадна торгууль ногдуулна” хэмээв. Тэгэхээр “Шунхлай”-нхан дур мэдэн үнээ нэмжээ.

Том компанийн тохуурхал

Төрийн эрхийг гартаа барилцаж, түмний төлөө зүтгэх тангараг өргөсөн түшээдийн компаниуд иргэдээр даажигнаж болдог хэрэг үү. “Шунхлай” гэхээр шууд л УИХ-ын гишүүн Г.Батхүү төсөөлөгдөнө. Тэрбээр тус компанийн хувь нийлүүлэгч төдийгүй “нууц” ноёнтон нь. Товчхондоо, “Шунхлай” түүний утсан хүүхэлдэй. Учир нь Г.Батхүүгийн хөрөнгө орлогын мэдүүлэгт “Шунхлай” компанийн 50 хувийг эзэмшдэг гэж дурьджээ. Тэгэхээр эрхэм гишүүн шатахууны үнийг тааж биш төлөвлөж нэмсэн нь дамжиггүй . “Шунхлай”-н гүйцэтгэх захирал болон бусад удирдлагуудад дур мэдэн үнэ нэмэх эрх байхгүй. Иргэдээр тохуурхаж, ичихгүй авирласан эл компани сонгуулийн сургаар шоудаад байгаа юм биш үү. Магадгүй хувь нийлүүлэгчээ ерөнхийлөгчийн сунгаанд зэхэж уяа сойлгийг нь тааруулах гэж шатахууны үнээр шантааж хийсэн ч байж мэднэ. Г.Батхүү гэж хэн болохыг иргэд андахгүй. Тэр их шуналтай хүн. Түүнийг нь үйл хөдлөл, үг хэллэгээр нь мэдэж болно. Ажил үйлс албан тушаалаараа гайхагдах ч архи, пиво, ундаагаар адлагдсан нэгэн. Төрийн өмчит компаниудыг түрүүвчнийхээ зузаанаар дарамтлан байж өөрийн болгосон энэ эрхэмд ичих нүүр гэж алга. Эрээ цээргүй авирлах тэрбээр сүү, тараг, бензин гээд өмчлөөгүй газар гэж үгүй. Хүн хөрөнгөжих тусмаа хөгийн болдгийн жишээг тэрбээр харууллаа. Одоо байтлаа ойр хавийнхаа газарт шунаж, хөрөнгөөр айлгаж, хүчээр зайлуулж байгааг эх сурвалжууд онцолдог. Түүний хөрөнгийн хэмжээ хэдэн тэрбумаар тоологдоно. Хөрөнгө орлогын мэдүүлгээс хэсэгчлэн танилцуулахад, өөрийнх нь орлого 512.894.3 байхад гэр бүлийн гишүүдийн орлого нь 13.800.0 байх жишээтэй. Эрхэм гишүүний төмөр хүлэг гэхэд л 221.256.0 саяаар үнэлэгдсэн байх юм. Түүнээс гадна тэрбээр хурдан морьд, заан, нохой гээд замбараагүй хоббитой. Тэр дундаа шандаст хурдан хүлэг нь улсын чанартай тэмцээн уралдаанд түрүүлж эзэндээ “Манлай уяач” гэх цолыг авчирч байв. Гэтэл өдгөө автомашины “уяа сойлгыг” тааруулж мань хүнгүйгээр хаазлах, хурдлах эрхгүй боллоо. Тиймээс түүнд өдгөө “Мөнгөний мангас, машины эрлэг” цол олговол зохилтой. Түүнчлэн жижиглэн шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдвэл талхны үнэ дөрвөн мөнгөөр нэмэгдэх тооцоо бий шүү. Гэхдээ худалдаа эрхлэгчид талхны үнээ дөрвөн мөнгөөр өсгөж, додьгор царайлах хүмүүс биш. Тэгэхээр төмөр хүлэг, түмэн олны ходоод хонхолзох шалтгааныг ганцхан гишүүн базаад бас “басаад” суучихлаа. Гэтэл “НИК”, “Сод Монгол”, “М-Ойл”, “Синчи-Ойл” компанийн захирлууд ШӨХТГ-тай зөвшилцөлд хүрч, шатахуун жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, үнэ нэмэхгүй байх, нөөцийг нэмэгдүүлэх талаар зөвшилцөд хүрчихсэн байна. Үүний эсрэг “манлай уяач” маань “монополь” царайлж зогсох нь зохисгүй. Тиймээс эрх мэдлээ “идэж уухтайгаа” хольж өөрийнхөө бизнесийг өрөөлийн зовлонгоор өргөтгөж байна уу гэх хардлага иргэдийн дунд түгэв. Үнэхээр “булган сүүлтэй” уяач маань бусдыгаа араасаа чирэх вий дээ. Тэгвэл хар алтны судсыг хага базсан нь Г.Батхүү гишүүн болж бусад нь “хурдан морьдын” хөлийг гүйцэлгүй бахардаж үхэх байх шүү. Юутай ч Монголчуудтай тавин төгрөгөөр талцаж “зодолдож” байгаа гишүүний шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх эрх мэдэлтнүүд байдаг эсэх нь энэ долоо хоногт харагдана. Тэр үед “Монополь”-дох хүчтэй, хөрөнгөтэй хүн хэн бэ гэдэг нь харагдах биз ээ.

Б.Ширнэн