Оюутолгой төсөл анх Монгол улсын засгийн газартай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхлэхдээ монголчуудыг түлхүү ажиллуулж ажлын байраар хангана гэж амлаж байсан.

Гэвч тэнд өнөөдрийн байдлаар монгол ажилчдаас илүү гадаадынхан түлхүү ажилладаг мэдээлэл бий. Мэдээлэл бий гэсний учир нь тэндэхийн үйл ажиллагаа олон нийтэд тийм ч ил тод, нээлттэй байдаггүйтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар Оюутолгой монгол ажилчид шинээр ажилд авахаа тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгааг эх сурвалж мэдээллээ. Дашрамд дурдахад, манай улсын нэгдэн орсон гэрээ, конвенциуд цаашлаад Хөрөнгө оруулалтын гэрээнд ч ижил тэнцүү ажил эрхэлж байгаа хүмүүст ижил цалин олгоно гэсэн заалт байдаг. Монгол ажилчин Оюутолгойд 1500 ам.долларын цалин авч байхад гадаад ажилчин 30 мянган ам.доллар авдаг. Иймд энэ зөрүүг яаралтай арилгах шаардлага тавьсан. Мөн саяхан Оюутолгой дахь Монголчуудын эрхийг хамгаалан өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж ялалт байгуулсан С.Гантуяагийн талд хуулийн шийдвэр гарсантай холбогдуулсан уу юутай ч монгол хүнийг ажилд авахаас татгалзах болжээ. Үнэндээ Оюутолгой Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учир хуулинд захирагдах ёстой гэсэн ард иргэдийн үнэн үгнээс айж эхлэв бололтой: Хөдөлмөрийн яамны сайдын тушаалаар “Оюутолгой”-д шалгалт хийхээр очиход компанийн ажилчдын цалингийн цэс болон бусад холбогдох материалыг үзүүлэхээс татгалзсан байдаг. Тэр бүү хэл засгийн газартайгаа ярь бид шалгалт хийлгэхгүй хэмээн нохойноос дор үздэг талаар нутгийн гэлтгүй албаныхан ч үг цухуйлгадаг.

Энэ бүхнээс үзэхэд Оюутолгой саяхан болж өнгөрсөн шүүх хуралд ялагдал хүлээсэн мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаас Монголын талаас хатуухан зэм хүртсэндээ бантан Монголчуудыг ажилд авбал хэл ам тасрахгүй хэмээн айж эхлэв бололтой. Дашрамд дурдахад осолгүй уул уурхай хэмээх өөрсдөдөө өгсөн нэрээ удаа дараалан гарсан уул уурхайн ослоор алдсан тэд Монголчуудаас урьдчилгаа болгон өгсөн 250 саяаа авч байж дээр дурдсан бүх зүйлд хариу өгнө хэмээн дотооддоо хэлэлцэн тохиролцсон сурагтай 
Д.Батсүх