Үндсэн хуулийн цэц их суудлын өнөөдрийн хуралдаанаараа Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэж заасны “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн заалт Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”  гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан билээ.

 

Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолын үндэслэлийг  Үндсэн хуулийн цэц дахин хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцээд, Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ тогтоолдоо заагаагүй тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гээд, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, мөн зүйлийн 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг болон 12 дугаар зүйлд шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар тус тус заасан нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийг бүрдүүлж байгаа мэргэжлийн шүүгч мэргэжлийн үүднээс хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах эрхийг иргэдийн төлөөлөгчид олгосноороо Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгов