Азийн киноны Везулийн олон улсын кино наадам Францын Везул хотноо 1 сарын 30-аас 2 сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 24 дэх удаагийн Везулийн кино наадмын онцлох орноор Монгол улсыг сонгож "Монгол хүү", "Норжмаагийн зам", "Шинэ жил", "Сэрэлт", "Алтан өргөө", "Говийн зэрэглээ", "Аман хуур", "Моторын дуу", "Солонгын таван өнгө", "Гарьд магнай", "Сүүдэр", "Аргамжаа", "Хүсэл шунал" кинонуудыг толилуулснаас гадна наадмын онцлох найруулагч, хүндэт зочноор найруулагч Г.Жигжидсүрэнг урьж оролцуулан, түүний мөхлийн ирмэгт гурвал бүтээл "Хүн чулууны нулимс", "Бүлээн нурам", "Амин мөр" кинонуудыг үзүүлсэн байна. (эх сурвалж: http://www.cinemas-asie.com/…/…/focus-on-mongol-cinema.html)

Г.Жигжидсүрэн найруулагчийн тухай тус кино наадмын арт директор, ази киноны судлаач, баримтат киноны найруулагч Bastian Meiresonne ийн бичжээ: "Тэр бол МОНГОЛЫН АКИРА КУРОСАВА. Дэлхийн кино урлагт өнөө хүртэл танигдаагүй гурван сор бүтээлийг наадмын хүрээнд толилуулах болсондоо туйлын бахархаж байна. Найруулагч Гомбожавын Жигжидсүрэнгийн 1990-1991 оны хооронд хийсэн "Мөхлийн ирмэгт" гурвал болох "Хүн чулууны нулимс", "Бүлээн нурам", "Амин мөр" бүтээлүүд бол миний үзсэн хамгийн гайхамшигтай ази кинонуудад байв.

Весулийн кино наадам 1995 оноос зохиогдож байгаа бөгөөд уран сайхны болоод баримтат киноны өрсөлдөөнт хэсэг, наадмын онцлох орон, наадмын онцлох уран бүтээлчид, залуу үзэгчдэд зориулсан онцлох хэсэг зэрэг төрлүүдээр үзвэрүүд толилуулж, шагнал гардуулдаг. Уран сайхны киноны өрсөлдөөнт хэсгийн дээд шагнал нь "Golden Cyclo" юм.

Тус наадам Европын үзэгчдэд азийн кино урлагийн сор бүтээлүүдийг танилцуулах, азийн уран бүтээлчдийн шинэ чансаатай бүтээлүүдийг нээн гаргадгаараа өндөр ач холбогдолтой юм. Уг наадмаар Ясүжиро Озу, Сатьяажит Рай, Аббас Киростами, Жан Имоу, Хоу Сяосянь, Хон Сан Су, Ким Ки Дук, Наоми Кавазе, Хираказу Корийда зэрэг азийн домогт найруулагч, орчин цагийн нөлөө бүхий уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг толилуулж байжээ.

Энэ удаагийн ази киноны Везулийн олон улсын кино наадам онцлох орноор Монгол орныг сонгон, манай алтан үеийн сор бүтээлүүдийг европын үзэгчдэд сурталчлан таниулсан ийм нэгэн баярт үйл явдлыг монгол үзэгчтэйгээ хуваалцаж байна.
Хойшид манай залуу уран бүтээлчид ч тус наадамд киногоо илгээн өрсөлдөөнт хэсэгт нь сонгогдохыг үгүйсгэхгүй юм. 
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг наадмын албан ёсны дараах цахим хуудаснаас аваарай: 
http://www.cinemas-asie.com/en/