Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Шийлэгдамбыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгэжээ. Харин Г.Ганчимэгийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жил хасч, 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. 

Мөн О.Даваасүрэн, Э.Гантулга нарыг урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Даваасүрэнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил 6 сар хорих, Э.Гантулгад нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил хасч, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна.  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг  2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт 5-10 жил хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан  хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 2-8  жил болж хөнгөрсөн тул шүүгдэгч Г.Шийлэгдамбын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Хуулийг ийнхүү буцаан хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон “хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байна.