Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банк дангаар эзэлдэг. Харин банкны хадгаламжийн хүүгээс илүү ашиг өгөх хөрөнгийн зах зээл өнгөрсөн 28 жилд огт хөгжсөнгүй. Уг нь чөлөөт зах зээл рүү хөл тавих он жилүүдэд Монгол Улсын иргэн бүр хувьчлалын цэнхэр, ягаан тасалбартай болсон. Өөрөөр хэлбэл, монголчуудын хувьд хөрөнгийн зах зээл, хувьцаа хэмээх асар том ойлголтыг хэзээ, хэрхэн үнэд орох нь тодорхойгүй цэнхэр, ягаан тасалбар гэгчээр л гадарлана. Сүүлд Эрдэнэс Таван толгойн 1021 хувьцаатай болсон. Гэвч ихэнх нь энэ хувьцаа одоо өөрт нь бий, эсэх, байгаа бол хэрхэн бүргэлжүүлэх тухай ойлголтгүй байгаа.

Харин 2017 онд гаргасан мэдээллээс харахад, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд 1990 оны өмч хувьчлалаар иргэдэд олгосон цэнхэр ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн хоёр сая гаруй данс бүртгэгдсэн байдаг аж. Нэг үгээр, өмч хувьчлалын үед Монгол Улсын иргэний бүртгэлд орсон хүн бүр ямар нэгэн байдлаар нэрийн данстай байх нь ээ.

Тэгвэл эдгээр дансанд 11 тэрбум төгрөгийн ногдол ашиг цуглараад байгаа гэж эх сурвалж мэдээлсэн. Тэгэхээр одоогоос 20 гаруй жилийн өмнө цэнхэр, ягаан тасалбараараа хувьцаа эзэмшсэн хүмүүс дансаа марчихсан, дансанд нь тийм их хэмжээний ногдол ашиг цугларсан гэдгийг мэдэхгүй явсан гэсэн үг.

Харин Монголын хөрөнгийн биржээс энэ талаар олон нийтэд мэдээлсний дараа гурван өдрийн дотор 6400 гаруй хүн үнэт цаасны дансаа шалгуулсан байна. Улмаар мөн тооны иргэд нэг тэрбум орчим төгрөгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргуулан авчээ. Одоогийн байдлаар 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө цэнхэр, ягаан тасалбарын нэр дээр үлдсэн байна.

Энэ мөнгийг хууль ёсны эзэмшигч иргэд нь авах бүрэн эрхтэйг мэргэжилтэн зөвлөж байгаа юм. Иргэдийн олонх нь энэхүү тасалбарын ач холбогдлыг хараахан ойлгодоггүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зарим эзэмшигч нь нас барсан олон тохиолдол гарчээ. Энэ тохиолдолд эцэг эх нь цэнхэр ягаан тасалбарын эзэмшигч байсан бол үр хүүхэд нь өвлүүлэн авах боломжтой юм байна.

Хувьчлалын үед улсын мэдлийн 476 үйлдвэрийг "хувьцаат компани” болгон өөрчилж, 1.9 сая хүнд хуваахад долоон мянган төгрөг нэг хүнд ногдсон. Тэр долоон мянган төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр бус эрхийн бичиг болгон ард иргэддээ тараасан нь цэнхэр тасалбар аж. Харин ягаан нь худалдаа үйлчилгээний газрын хувьцааг авах зориулалттай гурван мянган төгрөгийн тасалбар юм. Уг тасалбарын талаар мэдээлэл түгснээс хойш зарим иргэдийн дунд эзэмшлийнхээ хувьцааг шууд зарж болно гэсэн ташаа ойлголт төрүүлээд байгаа юм. Хувьцааг зөвхөн брокер дилерийн компаниар дамжуулан худалдах ёстой. Ингэхдээ брокерт хандаж захиалга өгнө. Брокер захиалгыг тань биелүүлэх үүрэгтэй. Харин таны нэр дээрх хувьцаанд нь ногдол ашиг бодогдсон тохиолдолд мөнгөө чөлөөтэй гаргуулан авах эрхтэй юм. Хэрэв цэнхэр, ягаан тасалбар эзэмшигч бол аль компанид хувьцаатай, хэрхэн ашиглах талаар мэдээллийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хандан мэдэж болно.

Шинэ үндсэн хуулиас улбаалж, иргэдэд Улсын өмчийг хувьд шилжүүлэх ажлыг Өмч хувьчлах хуулиар эхлүүлж, тэр үеийн Засгийн газар, өмч хувьчлах комисс одоогийн Төрийн өмчийн хороо зохион байгуулж, иргэдэд бага, их хувьчлал гэж хоёр үе шатаар улсын өмчийг хувьчлах болон хувьчлахгүй өмч гэж хувааж хувьчлахдаа. Иргэдэд бага хувьчлалын эрхийн бичиг нэг мянган төгрөгний үнэ бүхий ягаан тасалбарыг иргэн бүрт гурван ширхгийг олгож, бага хувьчлалд хамрагдах тоног төхөөрөмж, объект, орон сууцыг тэрхүү 3000 төгрөгний эрхийн бичгээр авах эрхийг олгож байсан. Их хувьчлалаар иргэн бүрт 7000 төгрөгний цэнхэр тасалбар Эзэн Чингисийн зурагтай хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг олгож улсын өмчөөс өөрт тохирох өмчийг хувьчилж авах боломжийг олгож байсан.

Харин 1991-1996 онд ийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 19.5 тэрбум төгрөг, бэлэн мөнгөөр 1.8 тэрбум төгрөг, нийт 21 тэрбум төгрөгийн төрийн өмч хувьчилсан гэдэг. Энэ нь нийт төрийн мэдэлд байсан өмчийн 44 хувь нь болжээ.

Ягаан тасалбараар худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний газрууд, зарим орон сууцыг худалдсан аж.  385 сая төгрөгийн ягаан тасалбараар  2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий 3046 аж ахуйн нэгж хувьд шилжсэн аж. Харин цэнхэр тасалбараар 916 аж ахуйн нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 475 хувьцаат компани, 396 бүрэн бус хариуцлагатай компани шинээр үүсэн, 1.3 сая гаруй хүн хувь нийлүүлэгч болжээ. Харин үл хувьчлагдах хөрөнгөөр Улаанбаатар төмөр зам, МИАТ, Биокомбинат, Эмийн үйлдвэр зэрэг нэн чухал гэж үзсэн 21 төрлийн объектыг хамааруулсан байна. Гэтэл өдгөө үлдсэн хэдээ хувьчлахаар санаархав уу гэмээр үйлдлүүд анзаарагдаж төрийн мэдлийн цөөхөн компаниуд нь ашиггүйтэж эхэлсэн. Гэвч энэ асуудлыг хойш тавин олон нийтэд мэдээлэл хүргэе.

Хувьцаатай эсэхээ дараах байдлаар шалгаарай

Ягаан цэнхэр тасалбартаа эсэхээ шалгахын тулд эхлээд Та данстай эсэхээ шалгах хэрэгтэй.  Тухайн үед та тасалбараа баталгаажуулсан бол данстай байна гэсэн үг. Данстай эсэхээ нотлохын тулд SCHCD.MN уруу нэвтэрнэ. Иргэн та “Эрдэнэставантолгой” хувьцаа эзэмшигч эсэхээ, Төвлөрсөн   хадгаламжид   данстай   эсэхээ   мэдэхийг   хүсвэл   энд   дарна   уу   гэсэн цонхийг нээнэ.  “Эрдэнэставантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой   юм   биш   үү хэмээн хүмүүс ихэвчлэн эргэлздэг аж.   Тэгвэл   Монгол   Улсын   хөрөнгийн   зах   зээлийн   дансны бүртгэлийн систем нь нэг хүн нэг л данстай байхаар зохион байгуулагдсан байдаг. Дээрх хаягаар ороод регистрийн дугаараараа шалгана. Мөн аль брокер дилерийн компанид данстай болон тухайн брокер дилерийн компанитай холбогдох утас, хаяг зэрэг мэдээллүүдээ авах боломжтой юм. Ингээд данстай брокер диллерийн компани дээрээ очиход танд хэрэгтэй анхан шатны бүх мэдээллийг өгнө. регистрийн дугаараа кирилл үсгээр бичээд хайхад “Иргэн Та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэставантолгойн” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн байна. Та дараахь брокер дилерийн компаниар үйлчлүүлнэ үү. ” эсвэл “Эрдэнэставантолгойн” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та төвлөрсөн хадгаламжид данс нээлгээгүй байна. Хэрэв та данс нээлгэхийг хүсвэл schcd.mn  цахим хуудсыг ашиглан брокер дилерийн компаниудын мэдээллийг авч үйлчлүүлнэ үү” гэсэн  хоёр төрлийн мэдээлэл гарч ирнэ. Төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэсэн байна гэсэн өгүүлбэрийг нягтлан шалгах хэрэгтэй. Учир нь та зорьж очиж данс нээлгээгүй байхад данс гараад ирэхийг заавал шалгаарай. 1991-1994 онд тараасан цэнхэр ягаан тасалбараараа хувьцаа авсан байх магадлалтай юм байна.

Цэнхэр тасалбар буюу Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг байгаа эсэх үрэгдэж алга болсноос үл хамааран иргэний үнэмлэхтэйгээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын чанх урд талд байрлалтай “Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийг зорих хэрэгтэй. Энэ төв нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцож байгаа бүх хөрөнгө оруулагчдын дансны мэдээллийг нэгтгээд хадгалж байдаг төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага. Эндээс дансныхаа дэлгэрэнгүй хуулгыг авах эрхтэй. Ингэснээр 1995-2016 он хүртэлх  авсан, худалдсан хувьцаа, түүний ногдол ашиг зэрэг бүх мэдээлэл жагсаалтаар гарч ирнэ. Гэтэл таны оролцоо, зөвшөөрөлгүйгээр хувьцааг зарчихсан байх тохиолдол гарч ирнэ. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хэлтэст өргөдөл гаргаж шалгуулж нөхөн төлбөр авах эрх нээлттэй. Нөгөөтэйгүүр хувьцаа тань байгаа бол та зарж болно, хадгалж болно.

www.erennews.mn