Хятадад цензур их бий. Ялангуяа цахим орчинд бол хяналт нь бүр ч хатуу. Улс төрийн холбогдолтой аливаа мэдээлэл бүрийг шалгана. “Sina Weibo” тэргүүтэй блог сайтуудад нь аливаа тэмцэл, жагсаал цуглаанд уриалан дуудсан нийтлэл гарчих вий гэж хууль сахиулагчид нь нойр, хоолгүй манана. Коммунист намын аль нэг гишүүнийг, тэр тусмаа даргыг өөнтөглөж, хойд, урдах явдлыг нь сөхөөд тавьчих вий гэхээс үхтлээ айна.

Хятадын Ерөнхий сайд асан Вэнь Зябаогийн асар их хөрөнгийн тухай мэдээлсэн “New York Times” сонины сайтыг Хятадад гаргахаа больж, үүнтэй холбоотой бүх л үгийг хайлтын системээсээ устгаж орхисон юм. Төрийн хяналт, шалгуур дутсанаас болж гарсан томоохон ослын талаарх мэдээллийг ч бас хав дарчихдаг.

Венжоу хотод болсон хурдан галт тэрэгний ослын талаар Хятадын Төмөр замын яамныхан тас нууцалж байсан гэдэг. Гэвч сүүлдээ дийлэхээ больж, ард иргэдийнхээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, өөрсдийн бурууг, хариуцлагагүй байдлаас нь болж том осол гарсныг хүлээн зөвшөөрчээ. Иймэрхүү түүх олон. Тэр ч байтугай авлигтай хол­боотой сэтгэгдлүүдийг вэб фо-румаасаа устгасан “Baidu” ком­панийн ажилчдын талаар өгүүл­сэн нийтлэлийг интернэтээс бүр­мөсөн арилгаж байв. Ер нь төр засаг, өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын салбар яамд, эрх мэдэлтнүүдийг буруутгаж, тэднийг шүүмжилсэн бүхий л нийтлэл, нэвтрүүлэг, үг, өгүүлбэр бүрийг цахим ертөнцөөс устгах бодлогыг Хятадын эрх баригчид явуулдаг. Эс тэгвэл төрийн албан хаагчид нь хүртэл айж түгшээд хүндхэн байдаг бололтой юм. Нэгэн судалгаагаар Хятадын төрийн албан хаагчдын 30 орчим хувь нь интернэт дэх эх сурвалж нь тодорхойгүй мэдээллээс болж хүнд байдалд орох вий хэмээн болгоомжилдог аж. Коммунист Хятадад цахим ертөнц дэх амьдрал иймэрхүү маягаар үргэлжилж байна.

Ардчилсан Монгол оронд бас саяхнаас цахим ертөнцийг хянаж эхэлжээ. Интернэтэд тавигддаг эл­дэв сэтгэгдлүүдийг журамлаж, эмх цэгцэнд оруулахаар болсон юм байх. Үүнтэй холбогдуулан Ха­рилцаа холбооны зохицуулах хорооноос 750 үгийн жагсаалт гар­гаж, сайтуудын үгсийн сангийн цэс­нээс хасч орхив. Тэгэхээр нь бодлоо... Улс төрийн холбогдолтой нийтлэлүүдийн дор сэтгэгдлүүд хамгийн олноороо орж ирдэг. Аль нэгэн улстөрчийг өөнтөглөж, гоочилсон үгс тэр дунд нь харамгүй бичигдэнэ. Тийм болохоор тэдгээр хориглосон үгсийн жагсаалт нь цаагуураа нөгөөх улстөрчид, эрх мэдэлтнүүдээ өмгөөлж хамгаалах оролдлого гэж ойлгож ч болохоор... Одоохондоо хэдэн үгнээс эхэлж байгаа энэхүү хязгаарлалт цаашид хэрхэн хатуу, чанга, хяналттай болохыг таашгүй. Монголын цахим ертөнцөд хэзээнээсээ аливаа цензур байгаагүй юм. Угаасаа ч саяхнаас л интернэт ашигладаг хүмүүсийн тоо нэмэгдэж, тэр дунд идэвхтэй хэрэглэгчдийн тоо ч өссөн. Тийм болохоор хяналт мэтийн юмыг мэддэгүй байсан байж болох юм. Харин одоо улс төрийн хувьд хаалттай тогтолцоо бүхий урд хөршийнхөн шигээ цензур тогтоож эхлэв бололтой. Үүний хажуугаар нэг сонин зүйл ажиглагдаад байна. Тэр хориглосон үгсийн жагсаалтыг хаа сайгүй тараасан байгаа юм. Тэдгээр үгсийг хориглоод ч байгаа юм шиг, улам ихээр сурталчлаад ч байгаа юм шиг. Хорвоотой танилцсан түүх гэдэгийг шинэ үгс сурсан түүх гэдэг ном бичихээр л болж байна. Ямартай ч интернэт орчин дахь төр засгийн хяналт нэг иймэрхүү байна. Мэдээллийн зарим сайтыг олон түмнийг төөрөгдүүлсэн судалгаа явуулсан гэх үндэслэлээр хаасан нь хэдхэн хоногийн өм­нөх асуудал. Харин дараа нь сэтгэгдлийг хянаж, Монгол хэлний үгийн санд жигтэй үгсийг оруулж ирэхийн зэрэгцээ хачирхалтай үгсийг хасахаар оролдож эхэлсэн нь дараагийн хэрэг.

Хятадад авлигатай холбоотой мэдээлэл бичсэн сэтгэгдлүүдийг устгаж, тэр талаар нь мэдээлсэн сайтыг хааж байсан. Харин Монголд “авлига” гэдэг үгийг сайтын сэтгэгдэл дундаас авч хаяхаар яаравчилсан байх юм. Жагсаж цуглах, тэмцэж өөрчлөхтэй хол­боотой үгсийг ч тас хориглосон. Энэ байдал цаашид үргэлжилсээр цагаан толгойн 35 үсэгнээс заримыг нь цөөлж магадгүй л юм. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Цаашид энэ байтугай зүйл сонсогдож мэднэ. Тэгэхээр эхлээд энэ зэргийг тоохгүй байж сурах нь ардчилсан засагтай, чөлөөт нийгэмтэй Монгол Улсын иргэн миний үүрэг болж таарж байна. Бараг ялгаа байхгүй юм биш үү, Монгол, Хятадын цахим ертөнц дэх орон зайд...

 

Т.Элиса