Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо хөдөө орон нутгаар “аялж” байгаа. Иргэдтэйгээ тулж уулзах, санал бодлыг нь сонсох, тэндээс гарсан санал санаачилгыг УИХ-д хүргүүлэх нь түүний үүрэг. Гэхдээ тэрбээр нэгэн зүйлийг туйлын ихээр анхаарч ажиллах ёстой. Юу гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.1-д “Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”, 3.3-д “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэж тодорхой гэгч нь заасан байгаа.

Гэвч манай Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн энэхүү заалтыг илэрхий зөрчиж, иргэдтэй уулзах үеэрээ АН-ыг шууд дэмжиж, МАН-ыг гутаах байдалтай ухуулга хийж байгаа нь үнэн. Уг нь Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг учиртай. Харин Х.Баттулгын хувьд өнөөг хүртэл АН-ын төлөөлөгч гэдгээ ийнхүү зарласаар байгаа нь хуулийн хүрээн дэх асуудал яав ч биш.

Ерөнхийлөгчийн хувьд орон нутагт иргэдтэй уулзахдаа 60 тэрбум, оффшор гэсэн асуудлуудыг нэн түрүүнд хөндөж, үүний эсрэг тэмцэлд олон нийтийг уриалах аж. Тэгвэл мань хүн чухам ямар хэрэгт хутгалдаад, одоог хүртэл түүнээсээ салж чадаагүй байгааг нь анхааруулах ёстой байх.

Хамгийн эхлээд, Ерөнхийлөгч Х.Баттулгаас шинэ төмөр замын дуулианыг онцгойлон асууж тодруулах ёстой. Монгол Улс, монголчууд энэ төсөл нэртэй луйвраас болж 615 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Энэ их хөрөнгө мөнгөнөөс говьд овоолж орхисон шороо, ашиглагдахаас өнгөрсөн гүүрийн бетон суурь л үлдсэн. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн энэ шороон овоолгыг их бүтээн байгуулалт хэмээн олон нийтэд итгүүлэх томоохон операци өрнөж, их мөнгө хаян байж бүтээсэн нэвтрүүлгүүд цацагдаж байлаа. Гэвч өнөөдөр Монгол Улсад шинэ төмөр зам баригдсангүй. Сураг нь ч алдраад байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэнтээ энэ төмөр замыг өөрт нь хамааралгүй гэж байсан ч дараах ярилцлага нь түүнийг үүнд шууд холбоотой гэдгийг гэрчилнэ. Тэрбээр Монгол ТВ-ийн ярилцлагад орохдоо “Бид яах гээд байгаа юм гэхээр нуух ёстой байхгүй юу. Эд төмөр замаа ингэж барьж, Дорнодоор барьж байна, Өмнөговиор барьж байна, энэ нь ийм учиртай гэдгийг бид нуух ёстой юм. Энэ нь нууцлалтай байхгүй бол, задлах юм бол нөгөө гадныхан төмөр замыг зогсооно. Хөршүүдээсээ нуух гэдэг юм уу. Ил гаргахаар л бүх юмыг нураачихаж байгаа юм л даа” гэж ярьсан юм.

Бүр яг ингэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр ард түмнийг тэнэг гэж басав уу, эсвэл өөрөө ийм асуудалд толгой хүрэхгүйн зовлонтой юу гэдгийг таахад бэрх. Эрхэм Ерөнхийлөгчийнхөөр бол нөгөө алга болсон 615 тэрбум төгрөгөөр төмөр замаа сэмээрхэн босгоод, нуучихсан бололтой. Тэгээд хэзээ нэгэн цагт илчилж, ашиглах нь. Нөгөөтэйгүүр мань эр өөрийгөө үүнд холбоогүй гэж мэлздэг ч ийм хэмжээний тайлбар хийхийг нь харвал яах аргагүй хамааралтай ажээ.

615 тэрбум төгрөг бол өнөөгийн буурай Монголд маш их мөнгө. Үүгээр хүүхдийн эмнэлэг 60, сургууль 50-ийг босгохоос гадна, олон арван мянган айл өрх амьдрахуйц орон сууцууд босгох боломжтой.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын бүлэг, оффшорчдын гэр бүлүүд гэхчилэн үгсийг очсон газар бүртээ унагааж байгаа нь олны санаа бодлыг зориуд турхирч, өдөөх арга гэхээс яалтай билээ. Тэгвэл түүнээс одоо төмөр замын 615 тэрбумыг чухам хаана нуусан бэ гэдгийг нь асуухад болохгүй зүйл үгүй ажээ.

Тэгээд ч оффшорын тухай ярина гэвэл тэрбээр Бермудын арлын оффшор бүсэд хөрөнгөө хадгалсан нь ил болсон. Уг баримтад Х.Баттулгыг 250 сая ам.доллар байршуулсан тухай мэдээлжээ. Энэ нь 600 тэрбум гаруй төгрөг гэсэн үг. 60 тэрбумыг 10 нугалах их мөнгө.

Дээр нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн оны дундуур нэгэн ноцтой мэдээлэл дэлгэсэн нь мөн л Ерөнхийлөгчийн оффшор дансны тухай. Энэхүү мэдээлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга Сингапурын оффшор бүсэд хэд хэдэн компанитай гэдэг нь нотлогдож байгаа ажээ. Тодруулбал, Сингапурын оффшор бүсэд Х.Баттулгын 1991 оны арваннэгдүгээр сард үүсгэн байгуулсан "Эм Си Би Холдингс Лиметит" ХХК, түүний охин Б.Намууны "Женко Холдингс Лиметит" ХХК-ийг 2000 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр байгуулахдаа 500 мянган сингапур долларын буюу 50 хувийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын ойрын түнш нь хөрөнгө оруулалт хийсэн. Х.Баттулгын Намуун тухайн үед 12-13 настай байжээ. Дээрх дансны гэрийн хаягийг авч үзвэл саяхан нэр бүхий хүмүүсийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж байгаад нэг нь амь насаа алдсан байрны тоот байгааг ч тодотгосон. Мөн Б.Намуун хоёр дахь компаниа өөрийн паспортын хаягаар 2011 оны аравдугаар сард "Blue sky limetit" нэртэйгээ оффшор бүсэд байгуулсан байна. Х.Баттулга хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулж Б.Намууны хамтарч байгуулсан олон компани Сингапур улсад үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлсэн” гэжээ.

Тэгэхээр энэ хүн хэдийгээр олны итгэлийг олж Төрийн тэргүүн болсон ч өөрийн толгой дээрх бухлыг харалгүй, өрөөлийн үснээс хялгас түүж байгаа нь хэр зохимжтой үйлдэл бол. Тиймээс эрхэм Ерөнхийлөгчөөс төмөр зам нуусан газрын тодорхой байрлалыг, оффшор дансных нь үнэн мөнийг асуух зайлшгүй шаардлага гарч ирж байна.

Х.Маргад

http://erennews.mn/