Сонгуулийн өмнө Засгийн газар иргэн бүрийн халаасан дахь 1072 хувьцааны 323-ыг нь иргэдээс 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон. Санал хураалтын өдөр болохоос урьтаж хүсэлтээ гаргасан иргэд амласан мөнгийг 100 хувь авч, үлдсэн нь 100-200 мянган төгрөг халааслаад л үлдсэн.

Чухамхүү тэр мөнгө хэзээ орох бол гэх хүлээлт ч өдгөө зарим нэгнийх нь амнаас цухалздаг. Тэгвэл тэр мөнгө нөхөж олгогдоно гэж байхгүй гэнэ. Зүй нь Засгийн газар солигдсон тул хариуцах эзэнгүй үлджээ. 

Тухайн үед Сангийн яам энэ асуудлыг хариуцаж, худалдан авах ажиллагааг арилжааны банкуудтай хамтран хийсэн байна. Гэвч эрх баригчид өөрчлөгдөж, тэр хэрээр асуудал хариуцаж байсан нөхдүүд ч халаагаа өгөөд явжээ.

Уг нь  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “1072 ширхэг хувьцааг ойрын хугацаанд “амь” оруулна гэдгийг онцолж байв. Гэвч өнөөдрийг хүртэл “амь” битгий хэл хөдөлгөөнд ч орсонгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед худалдагдсан тэрхүү хувьцааны нэрлэсэн үнэ 1.000.000 төгрөг. Өөрөөр хэлбэл, 1 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ 932.8 төгрөг гэсэн үг. Иймээс иргэн та 100 эсвэл 200 мянган төгрөг авсан бол таны хувьцаа 965-858 ширхэг болж, таны халаасанд хадгалагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд таны нэр дээр энэ тооны хувьцаа хадгалагдаж байгаа юм байна.

Үнэндээ халаасанд буй энэхүү “амь”-гүй хувьцааг Засгийн газар хүссэн үедээ худалдан авах эрхтэй. Түүнээс биш иргэн та болон би хүссэн үедээ хэн нэгэнд арилжаалах хориотой юм. Тиймдээ ч ахмад настнуудын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцааг хэдийнэ халааслачихсан. Гэхдээ хэний дансанд орсон нь тодорхойгүй.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм.  “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Засгийн газар, аж ахуйн нэгжүүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл иргэдээс худалдан авч байгаа хувьцаа Засгийн газар дээр төвлөрөх үү. Эсвэл аж ахуйн нэгжүүдэд худалдаалах уу. Одоогоор аль аль нь тодорхойгүй. Үүнд хариулт хэлэх эрхэм ч алга. Товчхондоо, хариуцах эзэнгүй худалдагдсан гэх хувьцаа тухайн үед Засгийн эрх баригчийн халаасан дахь сул мөнгө болж хувирах уу.

Эдийн засагч Л.Наранбаатар “Одоо байгаа менежментээр иргэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх нэртэй зургаан жил мөсөн чихэр долоолгосон. Энэ хугацаанд ногдол ашиг биш өр хүлээлгэхээр болсон байна. Өнгөрсөн хугацаанд Тавантолгой ордоос 24.2 сая тонн сайн чанарын нүүрс олборлож, зарсан байна. Нийтдээ 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал бий болгосон. Өр төлбөр нь 822 тэрбум төгрөг. Өнгөрсөн хугацаанд компани алдагдалтай ажиллаж, алдагдлыг Хөгжлийн банкны зээлээр нөхөж ирсэн байна. Нийт өрийн 71 хувь зөвхөн Хөгжлийн банкнаас олгосон Чингис бондын зээл эзэлж байна. Өнө удаан жил ярьсан Чалкогийн өр 8.1 хувийг л эзэлж байна. 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэн Л.Наранбаатарын эрх ашиг зөрчигдөж байна. Эрх нь зөрчигдөж байгаа нийт хувьцаа эзэмшигчид, аж ахуйн нэгжүүд олон байна. Тиймээс Эрдэнэс-Тавантолгой компанийг улстөрчдийн ууж иддэг, хамгийн муу менежменттэй компани биш, урт хугацаанд яаж сайн менежменттэй болгох вэ гэдгийг хувьцаа эзэмшигчид бүгдээрээ нийлээд шийдье гэж уриалмаар байна. Иргэн бүр хувьцаагаа бүртгүүлж, гар дээрээ “хувьцаа” гэдэг хэвлэсэн цаас авмаар байна” хэмээж байв.

Хуульч Б.Баяр “Тавантолгойн иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа нь хууль эрх зүйн хүрээнд саналын эрхгүй. Өөрөөр хэлбэл, санал өгөх, хувьцаагаа зарах, худалдах, захиран зарцуулах эрхгүй. Засгийн газрын тогтоолоор саналын эрхгүй болгосон. Уг нь саналын эрхийг хязгаарлах эрх төр, Засгийн газарт байхгүй. Энэ асуудлаар иргэд хувьцаа эзэмшигчийн хувьд хууль эрхзүйн хүрээнд асуудал үүсгэх боломж бий. Саналын эрхгүй болгосон Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгох боломжтой. Мөн иргэний эрх зүйн хүрээнд Компанийн дүрэмд уг саналыг оруулж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, олон мянган хувьцаа эзэмшигчийн эрхийг олгох шаардлага тавих эрхтэй. Анхдагч болон хоёрдогч зах зээлд хувьцаагаа арилжаалах, хөрвөх боломжийг олгохыг шаардах эрх ч бий. Хувьцаа эзэмшигчид Эрүүгийн журмаар шийдэх нөхцөл ч үүсч магадгүй” гэсэн юм.

Ийнхүү хэсэг нөхөр хувьцааг “амь” оруулахын төлөө дуугарч байсан бол өдгөө сураггүй болж.

niigmiigmiintoli.mn