А.ЦЭРЭНДОРЖ

“Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд өнгөтэй сайхан барилддаг” хэмээн аваргууд ярьдаг.   Энэ ч үнэний  ортой байх. 55 жилийн түүхтэй  сар шинийн барилдааны 22-т нь түрүүлсэн бөхчүүд тухайн жилийнхээ улсын их баяр наадамд мөн л түрүүлсэн байдаг. Тэд бол Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, даян А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр нар юм.

2010 он хүртэл цагаан сарын барилдаанд улсын цолгүй бөх түрүүлж байгаагүй билээ. Түрүүлсэн бөхчүүд дунд хамгийн доод цолтон нь улсын начин Ч.Өвгөнхүү, О.Балжинням байсан бол 2010 оны сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба, мөн 2011 оны сар шинийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар түрүүлж, улсын цолгүй бөх түрүүлсэн түүхийн эзэд болсон байдаг.  Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн сар шинийн барилдаанд түрүүлэх бөхийг үзэгч олон дотроо таамаглаж байгаа нь дамжиггүй.

Сар шинийн барилдаанд Монгол улсын Дархан аварга Баднаанямбуугын Бат-эрдэнэ 13 удаа түрүүлж байсан бол 2008 оноос хойш сар шинийн барилдаанд сүүлийн 10 жилийн дотор Монгол улсын аварга Ч.Санжаадамба гурвантаа түрүүлсэн билээ.Ийнхүү сүүлийн 10 жилийн хугацаанд сар шинийн барилдаан  түрүүлж, үзүүлсэн бөхчүүдийг танилцуулъя.

 

2008 оны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн сар шинийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Монгол улсын Гарьд И.Доржсамбуу түрүүлж, Улсын начин Ду Батбаяр үзүүрлэж байжээ.

2009 оны Хотлыг баригч XVll жарны Харшлалт хэмээх шороон үхэр жилийн сар шинийн барилдаанд уламжлал ёсоор хүчит 256 бөх  барилдаж Монгол улсын арслан Б.Ганбат түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж байжээ.

2010 оны Тийн урвагч хэмээх Төмөр бар жилийн сар шинийн барилдаанд Монгол улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж Даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж байжээ.

2011 оны XVII жарны “Илжиг” хэмээх цагаагчин туулай жилийн сар шинийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 хүчит бөх зодоглосоноос Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж Улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэсэн билээ.

2012 оны Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн хүчит бөхий барилдаанд Монгол улсын аварга С.Мөнхбат түрүүлж Улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэж байжээ.

2013 оны Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн сар шинийн барилдаанд Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэж байжээ.

2014 оны  Билгийн тооллын XYII Жарын “Ялгуулсан” хэмээх модон морь жилийн сар шинийн барилдаанд Монгол улсын гарь Д.Рагчаа түрүүлж Улсын харцага О.Хангай үзүүрлэж байсан билээ.

2015 оны Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээх Модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан уламжлалт барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэжээ.

2016 оны Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх үнэн хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын арслан Ц.Содномдорж найм даван түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн.

2017 оны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ. Ингэснээр улсын аварга Ч.Санжаадамба Цагаан сарын барилдаанд түрүүлсэн 14 дэх аваргаар тодорч буй юм. Ч.Санжаадамба 2010, 2015 онуудад Сар шинийн барилдаанд улсын заан цолтой барилдан түрүүлж байжээ. Харин 2016 оны Улсын наадамд түрүүлэн улсын аварга цол хүртсэнээр 2017 оны Сар шинийн наадамд анх удаа аварга цолтой барилдан ийнхүү түрүүллээ.

2018 оны Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн сар шинийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 хүчит бөхийн барилдаан энэ сарын 15-нд буюу Битүүний өдөр Бөхийн өргөөнд  болно.

Эх сурвалж:www.polit.mn