Монголын байгалийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Ж.Гарьдхүү “Эрдэнэт” үйлдвэрээс эрдэм шинжилгээний бүтээл нийлүүлсний төлбөрт 14,6 тэрбум төгрөгийг дөрвөн жил дамнан нэхэмжилжээ. Эцэст нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Эрдэм шинжилгээний бүтээл нь “Орхон-Сэлэнгийн сав газрыг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл” нэртэй ердөө 11 боть ном юм. Өөрөөр хэлбэл нэг боть нь нэг тэрбум гурван зуун саяар үнэлэгдэх оюуны бүтээл аж. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн цагаан тоос дарах болон хаягдлын нуурыг үйлдвэрт ашигтайгаар эргүүлэн ашиглах шинжлэх ухааны үндэслэлийн талаар зөвхөн гуравдугаар ботид 70 гаруй хуудас бичигдсэн нь дэндүү чамлалтай.  Эрдэмтдийн дэвшүүлсэн тойм төдий тэрхүү санаа нь 50 жилийн дараа л хэрэгжих боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.

Худалдан авалтын ажиллагааг ил тод байлгах эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч асан Д.Даваасамбуугийн гарын үсэгтэй гэрээг Ж.Гарьдхүү “бамбай” болгон барьж яваа. Гэсэн ч уг гэрээнд он, сар, өдөр, “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын тэмдэг, бүртгэлийн дугаар байхгүй нь хачирхалтай. Номын энэхүү шахаанд улс төрийн хүрээний эрхмүүд ч нэр холбогдсон байхыг үгүйсгэхгүй. Энэхүү асуудал нь “Эрдэнэт” үйлдвэрт онцын шаардлагагүй зүйлсийг шахдагийн тод жишээ бөгөөд цаашид эрүүгийн журмаар ч шалгагдах ёстой юм. Энэ талаар дараагийн цувралдаа     мэдээлэх болно.

Д.МЭРГЭН

sonin.mn