“Оюутолгой” компани жилд ойролцоогоор 100 сая гаруй ам.долларын цахилгаан БНХАУ-аас импортлон хэрэглэдэг гэх мэдээлэл бий.

Уг хэрэглээг дотоодоос хангах үүднээс манай улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон УИХ-аас баталсан Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барьж, Оюутолгойн төсөл, өмнийн говийн аж үйлдвэрийн болон уул уурхайн цогцолборуудыг эрчим хүчээр хангах зорилт тусгагдсан юм. Энэ хүрээнд 2009 онд “Оюутолгой” компанитай Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж дөрвөн жилийн дотор цахилгаан станц барих үүрэг хүлээлгэжээ.

Гэвч 2014 оны наймдугаар сарын 14-нд байгуулсан “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах” нэмэлт гэрээгээр энэ үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн аж. Ингэснээр “Тавантолгойн цахилгаан станцын төсөл” гацаж байна хэмээн Засгийн газар үзжээ. Тиймээс Засгийн газар 2014 онд “Оюутолгой” компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа тус компанид хүргүүлсэн байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээлэхдээ “Засгийн газар “Оюутолгой компанитай байгуулсан “Тавантолгойн цахилгаан станцын төсөл”-ийг цуцалж байгаа гэж олон нийт буруу ойлгож байна. Уг нь бол Засгийн газар 2014 онд байгуулсан энэ үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэсэн нэмэлт гэрээг л цуцалсан хэрэг. Ингэхгүй бол Тавантолгойд цахилгаан станц баригдах ажил гацаж, “Оюутолгой” компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолж, түүний хөлсөнд жилд 160 сая ам.доллар зарцуулж байна. Тиймээс Монголын талд ашиггүй зурагдсан энэ гэрээг цуцлах саналаа Засгийн газар хөрөнгө оруулагч талд илгээсэн нь энэ. Ингэснээр 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Оюутолгой компани эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангах үүргээ биелүүлэх шаардлагатай болж байгаа юм” гэв. Гэрээнд заасны дагуу цахилгаан станц баригдахаас өмнө хэдийд ч аль нэг тал нь гэрээгээ цуцалж болно гэж заасан байдаг юм байна. Харин энэ талаар “Оюутолгой компани хоёрдугаар сарын 16-нд өөрийн цахим хуудастаа “Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасан ч манай компани уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллана. Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгаан станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна. Энэ гэрээ цуцлагдсанаар “Оюутолгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой.“Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно” гэжээ. 
Анх энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ Ч.Сайханбилэгийн  Засгийн газар “Оюутолгой” компанийн шаардлагатай эрчим хүчийг дотоодоосоо нийлүүлэх замаар импортын эрчим хүчинд зарцуулах мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх, ажлын байр шинээр бий болгох ач холбогдолтой гэж хэлж байсан. Мөн энэ станц ашиглалтад орсноор улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 тэрбум хүртэл төгрөгийн орлого орохоос гадна  Оюутолгойн эрчим хүчний импортод төлж буй 200 сая ам.долларын эх үүсвэр дотоодын эдийн засагт үлдэж, олон зуун том жижиг аж ахуйн нэгжүүд төслийн үр шимийг хүртэнэ гэж тооцсоноо зарласан. Гэвч энэ төсөл зогсонги байсаар өдийг хүрсэн юм. Харин 2014 онд байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалснаар нь Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын байр суурийг харууллаа гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.  
Сүүлийн үед “Оюутолгой”-г тойрсон олон асуудал хөндөгдөж байна. Үүнээс үүдэн Нью-Йоркын хөрөнгийн биржид “Рио Тинто” компанийн хувьцаа 1.8, “Туркойз хилл” компанийн ханш гурван хувиар унажээ. Саяхан Голландын “SOMO” олон улсын байгууллага  “Рио Тинто” компанийг Канадын Засгийн газарт 470 сая, Монголын Засгийн газарт 230 сая ам.долларын татвар төлөөгүй хэмээн мэдээлсэн. Энэ мэдээллийг тус компанийн удирдлагууд үгүйсгэсэн. Мөн өнгөрсөн сард манай улсын Засгийн газраас  “Туркойз хилл” компанид 155 сая ам.долларын татварын торгууль ноогдуулаад байгаа. Зэсийн ханш сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээлд тогтмол өсөлттэй явсаар 7000 давсан. Гэвч тус компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид унаад байгаа шалтгааныг дээрх асуудлууд болон Оюутолгойтой холбоотой гэдгийг шинжээчид онцолж байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин