Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийг ӨАБНУ-д байрлах “Стандарт” банкны барьцаанд тавьж 107 сая ам доллар зээлж авсан “Жаст”-ын гэгдэх Г.Батхүүгийн хэрэг Олон улсын Арбитрын шүүхээр орж Монгол Улс ялагдаж 102 сая ам доллар төлөх болчихоод байгаа дуулиан хүчээ авч байгаа. Энэ будлиантай хэрэгт ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар холбоотой гэх мэдээлэл гараад удаж байгаа. Д.Сугарын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар УИХ-ын гишүүний нэгэн адил бүрэн эрхээр хамгаалагдаж байгаа нэгэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж байхдаа л баригдчихгүй бол шүүх шийдэж, УИХ чөлөөлтөл хэн ч халдаж чадахгүй гэсэн үг юм.

Д.Сугарыг ТӨХ-ны дарга байхад нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалаад зээл авчихсан нь яах аргагүй Олон улсын Арбитрын шүүхээр баталгаажсан тул Д.Сугарыг энэ хэрэгт холбоотой гэх хардлага Монголын нийгэмд тархсан нь тодорхой. Одоо “Жаст”-ын Ш.Батхүүгийн балгаар Монгол Улсын Засгийн газар 102   сая ам.доллар төлөх ёстой гэсэн Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан тул энэ хэрэгт холбоотой байж болзошгүй нөхдүүд эхнээсээ өөрийгөө хамгаалж, сонин хэвлэлд ярилцлага өгч эхэллээ.  

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар өнөөдөр “Өдрийн сонин”-д товч тайлбар өгөхдөө “Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдэл огт байхгүй. Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрт 357 хуудас материал байдаг юм билээ. Тэнд миний нэр ус байгааг олвол би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд өөрөө яваад очно” хэмээн томорсон байна. Д.Сугар энэ үгээрээ Монголын хууль, шударга ёсыг арай л дэндүү доош нь хийж “Намайг хэн хэлэх вэ, нохойн хэн саах вэ” гэгчийг яруу тодорхой нотолжээ.
Тэрээр тэрхүү том үгнийхээ араас залгуулаад “Хаа очиж шалгуулсаар байгаад цэвэр ариунаа тогтоолгочихсон хүн одоогоор би л байна” гэсэн нь тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр, Төмөр замын дарга асан Т.Очирхүү нарт хандсан үг гэж ойлгож болох мэт. Гэхдээ хэн, хэзээ Д.Сугарыг шалгаж тогтоогоод “Энэ хүн бол яах аргагүй ариун цагаан нөхөр” гээд тогтоочихсон нь тодорхойгүй. 

Өнөөдөр ийнхүү том дуугарч байгаа Д.Сугар нь 2006-2012 оныг хүртэл ТӨХ-ны даргаар ажиллаж байсан нэгэн гэдгийг Монголын нийгэм хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Харин “Жаст”-ын гэгдэх Ш.Батхүү 2009 оноос хойшхи зээлийн баримтад гарын үсгийг нь дууриалган зурсан гэх бичгийг цагдаад өгчихсөн гээд байгаа. 

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр нь 2007 онд  “Жаст” группийн захирал Ш.Батхүүд батлан даалт гарган зээл авахуулж байсан нь үнэн” гэсэн тайлбарыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг 2014 онд хэвлэлд өгчихсөн байдаг.  Тэр үед Д.Сугар ТӨХ-ны дарга болоод жил шахам болж байсан нь маргашгүй үнэн.

Үргэлжлэлийг эндээс