Допингийн эсрэг үндэсний төв өнгөрсөн онд нийт 35 бөхөд шинжилгээ хийхэд, допинг илэрсэн бөхчүүдийн дунд улс, аймгийн цолтнууд байжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард үндэсний 35 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан бөгөөд зарим бөхчүүдээс эерэг буюу хэрэглэсэн гэсэн үр дүн гарсан байна.

“Хэдэн бөхөөс ямар бодис илэрсэн тухай нарийн мэдээллийг бөхийн холбоо маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ” гэж Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат хэллээ.

Монголын допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран “Допинггүй Монгол бөхийн төлөө” ажлыг хэрэгжүүлсэний хүрээнд дээрх 35 бөхөөс шинжилгээ авжээ. Цаашид энэ ажлын хүрээнд баяр наадмаас бусад үед буюу заал танхимын барилдааны үеэр шинжилгээ авч байхаар болжээ.

Допингийн “А” сорьц илэрсэн бөхчүүдийн дунд дунд улс, аймгийн алдар цолтой хүмүүс ч байгаа юм. Хэрэв “А” сорьцийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “Б” сорьцийн шинжилгээ авах ажил журмын дагуу явагдана.

Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан допингийн эсрэг тогтоолоор сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд барилдах эрхийг хоёр жилээр хасч, шинжилгээний зардлыг 100 хувь төлүүлдэг. Дахин хэрэглэвэл барилдах эрхийг 5-8 жилээр хасаж, гарсан бүх зардлыг төлүүлдэг байна.

Харин бөхийн цолыг хураах боломжгүй юм. Учир нь үндэсний их баяр наадмаар барилдаж цолын болзол хангадаг бөгөөд ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Тийм учраас заал, танхимын барилдааны үеэр допинг хэрэглэсэн тохиолдолд цол хураах заалт байхгүй гэлээ.

Мөн өнөөдөр “Үндэсний допингийн эсрэг байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Төслийн үндсэн зорилго тамирчны нэр төр, эрүүл мэндийг хамгаалах, цэвэр өрсөлдөөнийг дэмжих ба тамирчдад энэ талын мэдлэг мэдээллээр хангаж, хэрэглэхээс сэргийлэх арга хэмжээ авах юм.

Эх сурвалж: Өдрийн тойм