Цэндийн ДАМДИН

(1957-2018)

Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, “Москва-1980” Зуны XXII олимпийн наадмын жүдо бөхийн мөнгөн медальт, “Барселона-1979” самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин, спорт-олимпизмийн хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, гавъяат тамирчин, ардын багш Цэндийн Дамдин 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар таалал төгсөж, олимпийн их гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолдлоо.

Цэндийн Дамдин нь 1957 оны Ш сарын 31 нд Хэнтий аймгийн Биндэр суманд мэндэлж, бага залуу наснаас үндэсний бөх, самбо, жүдогоор хичээллэн, 1976 оноос улсын шигшээ багийн гишүүн болж, хот, улсын болон олон улсын тэмцээнд удаа дараалан түрүүлж, олимпийн төрөл жүдо бөхөөр 1980 онд олимпийн анхны мөнгөн медаль хүртсэн гавъяатан билээ.

Тэрбээр 1985 оноос дасгалжуулагчийн албанд зүтгэж, улсын шигшээ багийг дасгалжуулан, тив, дэлхий, олимпийн наадамд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсаны зэрэгцээ Олон улсын жүдогийн холбооны шүүгчээр ажиллаж байлаа.

Тэрбээр 1992-1999 онд спортын боловсон хүчин бэлтгэх үйлсэд зүтгэж, Биеийн тамирын дээд сургуульд багшлан, олон арван шавь төрүүлсэн ардын багш цолтон билээ.

Ц.Дамдин нь 1999-2004 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2005 оноос өдгөө хүртэл дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.

Спортын хамт олондоо “Да багш” хэмээн хүндлэгдсэн Ц.Дамдин нь 1980, 1988, 1992, 2000, 2002, 2004, 2008, 2012, 2016 оны 9 удаагийн зун, өвлийн олимпийн наадамд тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгчөөр оролцон, Монголын баг тамирчдын амжилтын төлөө үлэмж хувь нэмэр оруулж байсан билээ.

Эрдэмт багш, эгэлгүй тамирчин, энгүй удирдагч, эрхэм зүтгэлтэн Цэндийн Дамдин таны ажилч хичээнгүй, хөдөлмөрч, даруу төлөв зан чанар, спортын суу алдар тань бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО