Манай сайт өмнө нь Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөрт Авилгатай Тэмцэх Газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлсэн билээ. Тэгвэл Стандарт, Хэмжил Зүйн Газартай холбоотой сэжиг бүхий нэгэн мэдээлэл олдлоо.

Албан томилолтоор Хөвсгөл аймагт. Зүүн гар талаас СХЗГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Долгормаа, СХЗГ-ын дарга Г.Гантөмөр.

2017 онд СХЗГ-ын албан хаагчид тухайн үед шадар сайд байсан У.Хүрэлсүхэд ажлын нөхцөл байдлаа танилцуулж хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын ажилд автомашин шаардлагатай байгаа тухайгаа хэлсэн байдаг. Үүнийг нь Шадар сайд шийдэж өгөхөөр болсон. Улмаар 2017 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 1 ш жижиг тэрэг, 1 ш Toyota Prado жийп автомашин (хүнд жинтэй туухайнууд ачиж явахад зориулж) СХЗГ-т шилжүүлж өгөхөөр шийдвэрлэжээ.

Жижиг тэргийг нь баталгаажуулалтын ажилдаа улсын шалгагч нар нь ашиглаж эхэлсэн бөгөөд Toyota Prado жийп машиныг нь СХЗГ-ын дарга Г.Гантөмөр зориулалтын дагуу нь ашиглаагүй. 2017 оны 8-р сард өөрөө Увс аймаг руу томилолтоор явахдаа жолоочоороо бариулж явсан бөгөөд Төв аймгийн нутагт Toyota Prado жийп автомашин нь осолд орж их хэмжээний эвдрэлтэй болсон байна.

2017 оны 8-р сард осол орсноосоо хойш байгууллага дээрээ дахиж харагдаагүй автомашин нь эвдрэлтэй чигээрээ өнөөдрийг хүртэл СБД-ийн 16-р хороо буюу зургаан буудалд СХЗГ-ын жолооч Ц.Цогтбаатарын хашаанд хадгалагдаж байна. Жолооч Ц.Цогтбаатар нь тухайн үед энэ автомашиныг жолоодож яваад осол гаргасан юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өмчөө ямар байдалтай хаана байгааг нь мэдэж байгаа болов уу? Мэдсэн бол арай ингээд айлын хашаанд бүтээж тавиад өвөлжүүлэхгүй байх. Татвар төлөгчдийн мөнгөөр авсан төрийн өмч энэ мэтчилэн үнэгүйдэж, хаа хамаагүй явж байдаг юм биш биз дээ гэсэн хардлага эрхгүй төрж байна.

Ц.Цогтбаатарын хашаанд байгаа осолд орсон автомашин

Осол гаргасан жолооч Ц.Цогтбаатар нь жолоодох эрхээ хасуулсан боловч Г.Гантөмөр дарга түүнийг СХЗГ дотроо өөр ажилд шилжүүлсэн байдаг. Ц.Цогтбаатарын хувьд ажилдаа сайн жолооч бөгөөд Г.Гантөмөр даргыг амралтаараа эхнэртэйгээ хамт хэд хоногоор хөдөө явахад нь хүртэл албаны машинаар зөөж үйлчилдэг, гэр бүлийнх нь итгэлтэй хүн нь юм байна.

Г.Гантөмөр дарга итгэлтэй хүндээ “нугасгүй”. Үүнийг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нь хүссэн хүнээ ажилд авдаг байдал нь нотолно. Тухайлбал, СХЗГ-т ажиллаж байгаад 2017 оны 4-р сард тэтгэвэрт гарсан Ц.Энхбаатарыг хүлээн авахын ажилтнаар ажиллуулж байгаа юм. Ажил хайсан залуучууд байхад Төрийн байгууллагад заавал тэтгэвэрт гарсан хүнийг ингэж ажиллуулж байгааг юу гэж ойлгох вэ? Энэ ажлыг хийж чадах залуучууд Монголоос олдохгүй болчихсон гэж баймааргүй юм. Энд ямар нэг хувийн ашиг сонирхол яваад байх шиг...

Сэтгүүлч миний бие СХЗГ-ын дарга Г.Гантөмөрөөс энэ бүхний талаар тайлбар авахаар удаа дараа гар утас руу нь залгасан боловч утсаа авдаггүй, байгууллага дээр нь очоод уулзах гэхэд туслах нь “дарга Их хурлын чуулганд суухаар ордон руу явсан” гэсэн тул уулзаж чадаагүй юм. Тиймээс СХЗГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтантай холбогдож Г.Гантөмөр даргаас тайлбар авах хүсэлтээ хэлсэн боловч эргээд хариу өгнө гэж хэлээд мөн л алга болчхов. Уг нь албан хүсэлтийн хариуг ажлын 14 хоногт өгөх ёстой. Гэвч энэ хугацаа хэтрээд хэд хонов.

СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нь тийм их ажилтай, хүнтэй ч уулзах завгүй хүн үү эсвэл хүнд суртал уу гэдгийг тэр хүн өөрөө тайлбарлах биз. Өмнө нь манай сайтад гарч байсан СХЗГ-тай холбоотой цуврал нийтлэлүүдийн дагуу СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нь сэтгүүлчийг цагдаад өгөөд явж байхыг нь бодоход сэтгүүлчидтэй заргалдаад явахдаа завтай, тайлбар ярилцлага өгөхөөр завгүй болчихдог бололтой.

Ямартай ч СХЗГ-ын даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэг нуун дарагдуулсан, үнэгүй зарах ёстой номыг өндөр үнээр зарж байгаагаа, энэ мэт шударга бус үйлдлүүдээ тайлбарлаж, улсыг хохиролгүй болгоход анхаарлаа хандуулж, бидний ярилцлага авах хүсэлтийг хүлээн авна гэдэгт найдаж байна.