Сайн байцгаана уу? Бөхдөө хайртай, бөхөө дээдэлдэг монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

"Допингийн эсрэг үндэсний төв"-өөс зарласан мэдэгдэлтэй холбоотой тайлбар хүргэе.

Миний бие бага наснаас эхлэн ядрах, сульдах, стрессдэх зэрэгт биеэр улаан юм туурдаг эмгэгтэй байсан юм. Эмнэлэгт үзүүлэхэд "ПСОРИАЗ" хэмээн оношлосон бөгөөд төдийгөөс өдий хүртэл эмчлүүлж, эмнүүлсээр ирсэн. Псориаз өвчтэй хүмүүс спортын замналаа олон жил үргэлжлүүлсэн түүх байдаггүй юм билээ. Ачаалал их авч, сульдах төдийд сэдэрдэг учир арга ч үгүй юм. Гэвч миний бие бөхийн спортод үнэн сэтгэлээс дуртай, нөгөө талаар өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийг хүссэн учраас хүнд хэцүү өвчнөө хайхралгүй, хэцүү бэрхэд сөгдөлгүй бэлтгэл сургуулилтаа хийж, хичээсээр ирснийг миний гэр бүл, хамт олон, найз нөхөд, багш нар маань сайн мэднэ.

Өвчнөө эмчлүүлэхээр "Арьсны өвчин судлалын үндэсний төв"-д удаа дараа хэвтэж, олон чухал барилдааныг эмнэлгийн өрөөнд өнгөрөөсөн үе надад бий. Энэ өвчинд сайн, тус нэмэртэй гэсэн эм тариа, тос гээд бүхий л зүйлийг хэрэглэж өдийг хүрсэн нь хүссэнээрээ бэлтгэлээ хийж, зорьсондоо хүрэх гэсэн сэтгэлийн минь илэрхийлэл юм. 2017 оны намраас бэлтгэл сургуулилтаа чанартай сайн хийхээр зорьж, хэсэг хугацаанд ачаалалтай бэлтгэл хийхэд дархлаа суларч, өвчин эргэн сэдэрсэн билээ. Энэ үед дархлаа дэмжиж, псориазын эсрэг эмчилгээ хийгдэж байсан Үүнд: КЕНАЛОГ тариаг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн юм. Гэвч мэдлэг мэдээлэл, сэрэмж болгоомжгүйн гайгаар ДЭҮТ-өөс авсан допингийн шинжилгээнд уг эмчилгээний тарианаас хориотой эмийн бодис илэрчээ. Хэдийгээр өвчнөө эдгээхийн тулд арга мухардаж, сайн гэсэн болгоныг хэрэглэсэн нь үнэн боловч хариуцлагагүй, болгоомжгүй хандсан нь миний буруу юм. Эмчлүүлж байгаа тухайгаа хариуцсан албаны эмч нарт мэдэгдэж, эм тариа маань хориотой бодисын жагсаалтад ордог эсэхийг лавлаж байгаагүй нь ч миний алдаа юм. Тиймээс бөхдөө хайртай, монгол бөхөө дээдэлдэг ард олон, дэмжигч байгууллагууд, найз нөхөд, гэр бүл, ахан дүүс, бөхийн төлөө сэтгэлтэй хүн бүхнээс хүлцэл өчиж, уучлал гуйж байна.

Нэгэнт миний буруу, миний хайхрамжгүй байдлаас болсон тул удирдах дээд байгууллагын гаргасан шийдвэр хариуцлагыг хүлээхэд бэлэн байна.

Та бүхнийг хүндэтгэсэн: Б.Номиндалай

Жич: Доорх зурагт эмчилгээнд хэрэглэсэн тариа , тос , өвчний түүх, сэдэрсэн үеийн зургийн хамт оруулав.