Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөртэй холбогдуулж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Үндсэн хуулийн олон заалтыг зөрчсөн үйлдлийг Үндсэн хуулийн өдөр дахин сануулж буйгаа мэдээллийн эхэнд онцолсон юм.

Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна", 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Засгийн газрын хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргана", мөн хуулийн 70 дугаар зүйлд "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэж тус тус заасан байдаг. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль бус шийдвэр тоогоо алдаж, удаа дараа Үндсэн хуулийн цэцэд дуудагдаж, Үндсэн хууль зөрчсөн болох нь нотлогдсон. Тухайлбал, Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг дарга нарыг ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилсон захирамж, Тагнуулын ерөнхий газрын дэд даргын хууль бус томилгоог дурдаж болно. Эдгээр асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсмэгц Ерөнхий сайд Н.Алтанхуяг Цэцийн дүгнэлт гарахаас өмнө өөрөө шийдвэрээ хүчингүй болгосон. Энэ нь Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан нам ялсан аймгуудад "Төрийн албанд гурваас дээш жил ажилласан байх шалгуур" бүхий хуулийн заалтыг баримтлалгүй Засаг даргыг томилсон атлаа Дорнод аймгийн нийт иргэдийг Ардын намд саналаа өгснийх нь төлөө Засаг даргагүй бүтэн жил болгосон. Дорнодод хэрэгждэг, Баянхонгор, Төв аймагт хэрэгждэггүй хууль байх ёсгүйг ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцоллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх байдлаар Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтуудыг удаа дараа зөрчин Үндсэн хуулийг уландаа гишгээд зогсохгүй Үндсэн хуулийн цэцийг үл хүндэтгэсэн байдал гаргаж байгааг тэрээр баримтаар хэлсэн юм. Тухайлбал, "Үндсэн хуулийн цэц байгуулагдсан цагаас хойшхи 21 жилийн практикт Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томил гэж байхад томилоогүй, тайлбар өгнө үү гэсэн албан бичиг илгээгээд байхад тайлбар өгөөгүй тийм тохиолдол гарч байгаагүй. Н.Алтанхуяг сайд энэ удаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулаагүй, ямар нэг тайлбар ирүүлээгүй. Засгийн газрын Монголын төрт ёсны уламжлалын эсрэг, Үндсэн хуулийн эсрэг, Үндсэн хуулийн хараат бус байдлыг хөндсөн энэ үйл ажиллагааг зэмлэн буруутгамаар байна" гэж хэлсэн Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн мэдэгдлээс иш татлаа.