Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат өнөөдөр нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр”2012 онд Нийслэлийн засаг дарга, НИТХ-ын тогтоолоор нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон шийдвэр гаргасныг хууль бус гэх ташаа мэдээлэл ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа хууль журмын хүрээнд явуулж байгаа. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь огтхон ч хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Санжаагийн Одгэрэл гэдэг иргэн “Шударга ёс яллаа. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь хүчингүй юм байна” гэх мэдээлэл тарааж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн иргэн автомашинаа барьж яваагүй, цаг хугацаа орон зайн хувьд өөр газарт байхад өмчлөгч дээр нь торгуулийн хуудас очсоныг шүүх хүчингүй болгосон байгаа. Тухайн иргэний нэг удаагийн зөрчил дээр гаргасан шүүхийн шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд тэмдгийн хэрэгжилтэд хяналт тавиад явж байгаа. Цаашид ч энэ үйл ажиллагаа үргэлжлээд явна. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь хууль бус шийдвэр биш” гэж мэдэгдлээ.