Унаач хүүхдүүд мориноосоо ойчиж гэмтэж бэртэх, эндэх тохиолдол энгийн үзэгдэл болжээ. Өнгөрсөн ням гарагт Ховд аймгийн Жаргалант суманд цэргийн баярт зориулж болсон хурдан морины уралдааны үеэр найман настай унаач хүү моринд чирэгдэж нас барсан.

Өчигдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд мориноос унаж бэртсэн арав гаруй хүүхэд эмчлүүлж байна. Бид энэ талаар сурвалжлахаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо.

Энд өнгөрсөн бямба гарагт зургаан хүүхэд мориноос унаж бэртсэн байдалтай хүргэгдэн иржээ. Ганцхан өдрийн дотор зургаан унаач хүүхэд гэмтэл авсан байна. Унаач хүүхдүүдийн хоёр нь тархиндаа гэмтэл авсан бол дөрвөн хүүхдийнх нь хөл, гар, аарцагны яс нь хугарсан гэнэ. Тархины гэмтлийн тасагт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаа хоёр хүүгийн нэг нь болох н.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хагалгаанд орох гэж байгаа аж. н.Мөнх-Эрдэнэ Хүй долоон худагт зохион байгуулагдсан уралдаанд оролцож байх үедээ мориноосоо унаж гавлын ясаа гэмтээжээ. Түүний гавлын яс цуурч тархинд нь цус хурсан бөгөөд яаралтай хагалгаа хийх шаардлагатай байгаа тухай тус тасгийн эмч ярилаа. Гэмтлийн улмаас хүүгийн тархины яс цоорсон бөгөөд үүнээс болж насан туршдаа эрэмдэг болж байгаа аж.

Харин есөн настай н.Одбаяр хүүгийн хувьд духны хэсэгт нь тархины эд няцарсан гэнэ. н.Одбаяр хүүгийн ээж н.Цэцэгмаагаас хүүгийнх нь талаар тодруулахад “Хүү маань Хүй долоон худагт болсон уралдаанд оролцож байгаад унаад бэртчихлээ. Одоохондоо бие нь гайгүй л байна. Таньдаг хүний маань морийг унаж байсан юм” хэмээн хээвнэг хэлж байна. Хүүхдийн амь нас эрүүл мэндийг юман чинээ боддоггүй баячуудаас эцэг эхчүүд л хүүхдээ хамгаалах ёстой. Гэтэл ганц шуудай гурилаар хүүхдээ “арилжиж” эцэст нь эрэмдэг болгож байгаа эцэг эхчүүд ч үүнд буруутай. Тиймээс нударган баячуудаас гадна эцэг эхчүүдтэй ч хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь сүүлийн үед баячуудын сонирхлыг ашиглан хүүхдээрээ бизнес хийх сонирхолтой эцэг эхчүүд олон болсон байна. Хүүгийн нь тархи зарим хэсгээрээ няцарчихаад байхад зүгээр гээд сууж байгааг юу ч гэж ойлгох юм бүү мэд. Тархи толгойн гэмтэл гаднаас нь харахад зүгээр мэт боловч хожим ямар ч сөрөг үр дагавар гарч мэднэ шүү дээ.

Тархиндаа  гэмтэл авч хар багаасаа эрэмдэг болох дөхсөн энэ хоёр хүү уралдаанд оролцохдоо хамгаалалтын каск өмсөөгүй байсан байна. Уг нь хурдан морины уралдаан зохион байгуулсан, зөвшөөрөл өгсөн хүмүүс нь унаач хүүхдүүдийг хамгаалах хэрэгсэлтэй эсэхийг нь шалгах ёстой байдаг. Улсын наадам, Их хурд зэрэг улсын чанартай томоохон уралдаанд оролцож байгаа хүүхдүүд л хүний нүдэнд харуулах гэж хамгаалалтын хэрэгсэл өмсдөгөөс биш хэн нэгэн нударган баяны зохион байгуулж байгаа уралдаанд унаач хүүхдүүд хамгаалах хэрэгсэлтэй оролцож байна уу үгүй юу гэдэг нь хэнд ч хамаагүй байдаг бололтой. Баячуудын хувьд хурдан морины уралдаан зохиох нь сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахтай адил амархан зүйл болсон байна. Тийм ч ой, тэрний нэрэмжит гээд л сүүлдээ хүүхдийнхээ төрсөн өдрөөр хурдан морь уралдуулж зугаацах нь холгүй боллоо.   

ГССҮТ-ийн хүүхдийн тасагт өнгөрсөн бямба гарагт дөрвөн хүүхэд мориноос унан бэртэж хүргэгдэн ирсэн байна. Тэдний нэг нь хоёр хоногийн өмнө эмнэлгээс гарсан бөгөөд бусдынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Тухайлбал Цагаанхөтөлд болсон уралдаанд оролцож байсан 11 настай н.Анхил охин унаж явсан мориндоо даруулсны улмаас аарцагных нь яс хугарчээ. Харин үлдсэн хоёр хүүхдийнх нь гар, хөл хугарсан аж.
н.Анхил охины ээж Н.Бямбаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Охины тань бие гайгүй юу?
-Гайгүй л байна.

-Аарцагны яс нь хугарсан гэсэн. Юу болсон юу бол?
-Мориндоо даруулсан юм шиг байна билээ. Өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Унаж явсан морь нь өөр морьтой мөргөлдөж унасан юм шиг байгаа юм.

-Охин чинь одоо хэдэн настай вэ. Яагаад эмэгтэй хүүхдээр хурдны морь унуулсан юм бэ. Хэн гэдэг уяачийн морь унаж байсан юм бол?
-Уг нь эмэгтэй хүүхдээр хурдны морь унуулдаггүй. Гэхдээ өөрийн морь болохоор унуулсан юм. Манай охин багаасаа л хурдны морь унаж байсан.

-Хамгаалалтын хэрэгсэлтэй байсан уу?
-Каск энэ тэр байгаагүй. Харин комбинзонтой байсан.

Уяач нэртэй баячуул осолтойг нь мэддэг учраас хэзээ ч өөрийнхөө хүүхдээр морь унуулдаггүй. Харин ядуу тартагтаа тулсан нэгэнд ганц шуудай гурил өгөөд л хүүхдийг нь зунжин дагуулаад явчихдаг.  Манай нийгэмд баян ядуугийн ялгаа дэндүү их юм. Зарим нэг нь халаасан дахь мөнгөө багтаах газраа олж ядан өөрийнхөө нэрэмжит морин уралдаан мэтийн юм зохиож туйлж байхад нөгөө талд нь багачууд ар гэрээ тэжээхийн тулд атга гурил үмх махны төлөө амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавин уралдаж байна. Ингээд эцэст нь амь нас эрүүл мэндээрээ хохироод хоцордог.

Хурдан морины уралдаанд оролцож байгаад гэмтэл авсан хүүхдүүдийг морины эзэд нь гэмтлийн эмнэлэгт авчирч орхиод явчихдаг гэнэ. Ингэхдээ хүнд гэмтэл авсан хүүхдүүдийг л эмнэлэгт хүргэхээс биш хөнгөн бэртсэн хүүхдүүдийг бол нуугаад л орхидог. Энэ мэтчилэн дурьдаад байвал хурдан морины уралдаан дагасан балаг их. Хурдан морины уралдаан бол монголчуудын үндэсний өв соёл, ёс жаягийн нэгээхэн хэсэг. Гэхдээ ингэж кайф авч, зугаа гаргахын тулд айлын балчир хүүхдийг золиос болгож байхгүй.

Н.Санжаасүрэн