Дүнжингарав гэгч нэртэй морины уралдаан уржигдар  шөнө хагаслан болж, уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Хамгийн гол нь энэ уралдаан гэгчийг Засгийн газрын тогтоолоор хориглосон байсан ч Монголын Морин Спорт Уяачдын холбоо гэгч, уг холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Сэргэлэн гэдэг хүн дур мэдэн зохион байгуулж, тэр бүү хэл 12-оос дээш насны хүүхдээр морь унуулах байсан уралдаанд хуурамч бичиг баримт бүрдүүлж, 11 настай хүүхэд уралдуулж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хориглосоор байтал соёлон морины уралдааныг оройн цагаар зохион байгуулсан байх юм.

Энэ мэт илт хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан П.Сэргэлэн тэргүүтэй этгээдүүдэд цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн, Төв аймаг руу шилжүүлсэн аж. Уг үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өглөө. Тодруулбал Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдсэн байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Сэргэлэн нь МУБИС төгссөн, биеийн тамирын багш бөгөөд "Сүлд" телевизийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялах үед Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдаар томилогдож байв.

Э.Анар