Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр "Дүнжингарав-2018" морин уралдааны асуудлаар нэлээд олон хүн бухимдалаа илэрхийлж байгаа билээ. Тэгвэл тус арга хэмжээг зохион байгуулсан ММСУХ-ны тэргүүн М.Энхболд ийм мэдэгдэл хийжээ. 

-Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.

-Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно.