Гурван сар санжигнаж явсан товч сахиус болсон үнэн түүх

Одоогоос арваад жилийн өмнө Иракт буудуулсан Монгол цэргийн тухай цахим орчинд цацагдаж, сүрхий дуулиан болж байлаа. Сонин хэвлэлээр харин юу ч гарсангүй. “ТV-9” телевизээр цацагдсан учир битүүлэг мэдээг эс тооцвол хэрэг явдал тэгсхийгээд нам дарагдсан. Тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан М.Сономпил болсон хэрэг явдлын талаар телевизээр товч тайлбар өгч байсныг хүмүүс тэр бүр анзаараагүй. Яам, Жанжин штабын зүгээс ч үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийн ар гэрийнхний сэтгэл зүйд нөлөөлж болзошгүй гэсэн учраас асуудлыг даамжруулаагүй аж. Энэ нь ч магадгүй тухайн үед зөв шийдэл байсан ч байж болох. Тэгээд л Ирак дахь энхийн ажиллагаанд Монгол Улсаас оролцох 10 ээлж дууссан хойно болсон явдпыг задлах учиртай. Цэргийн нууц гэдэг энэ. Тэгэхгүй бол мэдээллийг үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийн ар гэрийнхэн маш эмзэглэн хүлээн авч Сүхбаатарын талбайд “Цэргээ тат" хэмээн сүрт жагсаал хийж мэднэ. Хожим манай цэргүүдийн Ирак дахь ажиллагаа дууссан хойно тэнд үүрэг гүйцэтгэсэн Монгол дайчдын тухай нэг ном хэвлэгдсэн байдаг. Түүн дээр болсон явдлын тухай нүүр нийтлэл орсон. Гэхдээ нарийн юм байхгүй, товчхон хэдэн мөр. 2007 оны Улсын их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас олон цэрэг ачсан нэгэн цагаан онгоц агаарт хөөрсөн юм. Тэд Гүрж улс дахь цэргийн дамжин өнгөрүүлэх баазад түр газардаад, Монголын их хаан Газаны түүхийг барласан Ирак оронд хөл тавьсан юм. Цайвар шаргал элсэн дунд ургасан үзэмжит нов ногоон далдуу мод Монгол дайчдын нүдний чимгийг өргөнө. Цэрэг эрс Олон улсын “Эко” баазын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Тэдний дунд нүд хөмсөг, нуруу туруу болсон нэг жавхаалаг залуу байсан нь Монголын Зэвсэгт хүчний шүхэр десантын ангийн ахлагч цолтой албан хаагч байлаа.

Түүний алдрыг Хунчууд овогт Батдэлгэрийн Эрдэнэболд гэх. 1980 оны өвөл цаг дор Увс аймгийн Бөхмөрөн суманд мэндэлжээ. Айлын таван хүүхдийн ууган хүү. Сумандаа найман жилийн дунд сургууль, Дархан хотод 10 жилийн дунд сургууль дүүүргэж, Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангид алба хаасан. 2002-2004 онд холбооны 013 дугаар ангид гэрээт цэрэг, 2004 оноос хойш радио телеграфчин жолоочоор ажиллаж эхэлжээ. Тусгай томилолтын батальоны бүрэлдэхүүнд гранатмётчиноор багтаж Ирак улсад анх удаа хөл тавьж байгаа нь энэ. Ингээд эр цэргийн олон улсад Монголынхоо сүрийг илтгэх онцгой хүндтэй алба эхэллээ. Цэргийн баазын хээрийн эмнэлэгт үе үе халдлагад өртсөн гадны цэргийн албан хаагчид ирнэ. Хүний сэтгэл тэр ахуй орчинд аажим дасна. Амьдрал ингэж л үргэлжилдэг.

Эрдэнэболдыг Буян-Ухаагаас Иракийн зүг хөдлөх гэж байхад зөрж ирсэн Сьерра Леоны II ээлжийн цэргүүдийн дунд Ганбат ахлагч таарч, дотно андууд тэврэлдэн уулзжээ. Тэрбээр харь нутгийг зорьж буй анд нөхөртөө цэргийн хээрийн эрээн цамцаа өгөхдөө “За Эрка минь, чиний наад өмссөн хувцас чинь шинэ болохоор их халуунд агаар нэвтрэхгүй хэцүү. Бие барьж дарайгаад хөдлөхөд ч тээртэй. Найз минь, үүнийг харуулд гарах үедээ өмсөж байгаарай. Хөнгөн, сэрүүхэн, аятайхан байдаг юм” хэмээжихүй. Эрдэнэболд “Би энэ хөлстэй цамцаар яадаг юм” гэж бодсон ч нөхрийн сэтгэлийг бодон авч аранзандаа хийв. Нэг удаа харуулд гарахдаа Ганбатын цамцыг өмсөж гартал уур амьсгалд нь зохицсон хувцас байсан нь батлагдаж, сэтгэлд таатай санагдав. Харин хамгийн доод талын товч нь хэзээ мөдгүй унах болчихсон санжигнаж үзэгдэв. Энэ товчийг нэг чөлөө завандаа оёж бөхөлнө дөө гэж бодоод л өнгөрчээ. Мань хүн мөнөөх цамцтайгаа харуулд гарсаар, нөгөө товч ч санжигнасаар. Нэг мэдэхэд гурван сар улиран оджээ. Хэрэгявдал ингэж өрнөжээ. Бага Азийн бөгчим шөнө. Ирак дахь олон үндэстний цэргийн дивизийн “Эко” бааз. 2007.10.03-наас 04-нд шилжих шөнийн 03:10 цаг болж байлаа. Цэргийн хүрээний харуулын цамхаг дээр нэгэн цэрэг эр үүргээ гүйцэтгэн харуулд зогсож байсан үе. Эргэн тойрноо шөнийн харааны хэрэгслээр ажиглаж, хяналт үйлдэж байтал хөл доор нь торхийх чимээ гарчээ. Цочсон харуул зөнгөөрөө доош хартал духанд нь алхаар цохих мэт тас бууж, арагш хүчтэй саван, манааны цамхгийн ханыг биеэрээ алгадаж, эрчиндээ урагшаа шидэгдээд дөрвөн хөллөн ойчжээ. Эхпээд чухам юу болоод байгааг цочролд орсон мань эр сайн ойлгосонгүй. Гэнэт тархинд нь нэг бодол зурсхийсэн нь “Намайг буудчихлаа” гэсэн зөн мэдрэмж байлаа. Тэрбээр гараараа шал тулаад болгоомжтойхон өндийж дуран руугаа тэмүүлэхүй, гарт нь холбооны хэрэгсэл тэмтрэгджээ. Харилцуурыг шүүрэн авч төвтэйгөө холбогдон “Тавдугаар харуулын цэг рүү чиглэсэн буудлагын халдлага үйлдэгдлээ. Нааш нь яаралтай шуурхай бүлэг илгээн хүч нэмэгдүүлээч” хэмээн байдгаараа орилсон байна. Өндийх л юм бол духанд нь сум зоогдоно гэдгийг хал үзсэн эр цэрэг сайтар гадарлаж байв. Цааш эргэж эгээ л муур мэт мярааж, ротын пулемёт дээр суурилсан шөнийн дурангаар хяналтын орон зайг болгоомжтой нь аргагүй хараачлах аядав. Гэтэл харуулын цэгээс урагш 80 градусын өнцөгт, багцаалбал 800 шахам метрийн зайд тун чиг сэжигтэй зүйл илэрчээ. Дэлбэрэлтэнд өртөж балгас болсон шавар тагзны дээвэр дээрээс нэг буутай хүн үсрэн бууж байгаа нь тод үзэгдэв. Ахиулан дурандваас урд талд нь бас нэг алан хядагч тэнхээ мэдэн гүйж явна. Харуул учрыг гадарлаж “Алан хядагчид. Та нар тэгнэ бий вий” хэмээн амандаа бувтнаад пулемётоо сумлан хоёр этгээдийн бараа үзэгдсэн газарт тусгалыг нь тааруулж байгаад магазин дахь 100 сумаа дуустал нь шүршиж орхижээ. Үнэндээ яг хоёр хүн байсан уу, түүнээс олон байсан гэдэг нь өнөө ч оньсого. Дахин дурандваас үхдэлүүд битгий хэл юу ч үл үзэгдэх, шороо тоос агаарт дэгдсэн байлаа. Харуулын цамхгаас авсан аюулын мэдээг сонссон монгол цэргийн багийн холбоочин командлалд илтгэн яаралтай түгшүүр зарлаж, цэрэг эрс хуягт машин, “Хаммер" жийп хөлөглөн харуулын цэг рүү нэн даруй хөдөлцгөөв. Жижүүрт гарч буй холбооны оператор даруй Олон улсын цэргийн төв тийш болсон явдлын талаар яаралтай мэдээ илгээлээ. Олон улсын цэргийн командын төв штабт удирдах бүрэлдэхүүн цуглаж, халдлага үйлдсэн алан хядагчдын балгасны газрын зургийг нарийвчлан гаргаж, байр зүйг нь тодорхойлоод эргүүлийн дайрагч нисдэг тэрэгнүүдэд мэдээг дамжуулснаар нисгэгч дайчид агаар, газар ангиллаар балгастай довыг онилсон улаан гал явуулж, газрыг хөрстэй нь эргүүлж, хэдхэн хормын дотор улаан там болгож орхижээ. Бөмбөгдөлтөөс үүссэн тоос шороо, утаа униар яг л Монголын говьд хааяа нэгтээ босдог хар угалз шуурга мэт байсан аж. Ядахдаа үүрийн заагт хийсэн агаарын цохилтноос үүдэн боссон тоосжилтын далан цэргүүдэд догшин далайн шуурга болсон мэт сэтгэгдэл эрхгүй төрүүлсэн гэдэг. Бөмбөгдөлтийн дараа гэгээ орсны хойно дивизээс дөрвөн машин хөлөглөсөн Польшийн өвч зэвсэглэсэн эргүүлийн бүлэг, дайны шинжээчид газар дээр нь үзлэг хийжээ. Үүнтэй холбогдуулан миний бие харуулаас ийн асуув.

 

-Чи тэдэнтэй цуг байг устгасан газарт очоо юу?

 

-Очихыг маш их хүсэж байсан. Даанч болохгүй.

 

-Яагаад?

 

-Бид баазаас гарах эрхгүй. Доторх хамгаалалтыг хариуцдаг. Чиг үүрэг нь ийм.

 

-Чи тэр хоёр алан хядагчийг алж чадсан уу?

 

-Оносон байх. Сүүлд нь манай захирагч ярихдаа тэдний цогцост миний пулемётын сумны нүх байсан гэсэн шүү. 

Харуулаас буухдаа шалаар тарсан сумныхаа хонгиог дуулгандаа түүгээд хийж байтал тасарсан товч түүний харцыг эрхгүй булаав. Мань хүн цочих шиг болов. Мөнөөх санжигнаад гурван сарыг үдсэн нэг муу хуванцар товч. Зөвхөн харуулд гарахдаа өмсдөг өнөө муу хөлстэй хуучин цамцны товч нь дүрээрээ хэвтэж байв. Болсон явдлыг эргэн бодлоо. Тархинд нь үйл явдал яг л кино зураг мэт үргэлжилнэ. Тэр шөнө Эрдэнэболд цамхаг дээрээс гурван талаа хянаж, цээжээ эргүүлэн дурандаж зогсох мөчид сум нэвтэрдэггүй хантаазных нь доод ирмэг мөнөөх унах дөхсөн товчны утсыг үрсээр байж. Эцэст нь товч тасарч, харуулын цамхгийн төмөр дэвсэг дээр донхийн унажээ. Чимээ анирдсан цэрэг эр даруй эрүүгээ даран хүзүүгээрээ огцом тонгойж доош харах чөлөөнд дуулганд нь сум тусчээ. Өөрөөр хэлбэл гох дарж байхад товч тасарч байсан аж. Юмны нарийн холбоос гэдэг ийм л учир жанцантай. Харуулд би дахин хэдэн асуулт тавилаа.

 

-Хэрвээ чи тэр эгшинд тонгойгоогүй байсан бол...?

 

-Мэргэн буудагчийн сум яг цохонд тусах байсан. Амьд үлдэх боломжгүй. Би их азтай. Тэр хүн хэрвээ 750 метрээс дотогш зайнаас буудсан бол тонгойсон ч сум дуулгыг нэвтлэн гарах магадлал маш өндөр. Хэт ойроос буудахад хүн амьд үлдэж мэднэ. Яагаад гэвэл сум эрчээ авч амжаагүй байдаг. Хэт алсаас гох дарвал сумны хурд сулардаг. Дундын зай бол мэргэн буудагчийн хувьд хамгийн найдвартай.

 

-Чиний тэр дуулга чинь орос ах нарын эд үү?

 

-Үгүй ээ, Америкийн дуулга. Гипсээр хийчихсэн юм шиг сонин малгай.

 

-Сая Афганд билүү хаана ч гэлээ, нэг мэргэн буудагч нөхөр долоон км-ын зайнаас алан хядагчийг устгасан байна билээ.

 

-Сонссон. Орчин үеийн бууны ашигтай тусгал нь хоёр км. Тэр буудсан буу нь их алсын тусгалтай, дурангийн таталт сайтай хосгүй л эд байна даа.

 

-Чамайг эртний хаадыг маань ивээсэн тэр нутгийн тэнгэр харж ивээж дээ.

 

-Үнэн үнэн. Мэргэн буудагч намайг 790 орчим метрийн зайнаас яг цохонд минь барьж буудсан байгаа юм. Сум холын нислэг туулсан ч асар хүчтэй ирдэг юм билээ. Түүнтэй холбоотой бас нэг хачирхалтай явдлыг өгүүлсү. Амьд явах хувь тавиланг харсан тэнгэр нь түшдэг гэлцдэг. Мань эр буудуулсныхаа маргааш 10:05 цагт манаанаас буугаад амрах үедээ интернетэд орж, хаягаа шалгатал эхнэр нь нуган үртэй болсон тухай баярт мэдээ илгээсэн байжээ. Хашрыг буудуулахаас хэдхэн минутын өмнө эх нутагт нь хүү нь мэндэлсэн байж. Айдас, хөөрөл давхацсан эр “Үрийн минь заяа түшжээ” хэмээн эгээ л эм хүн мэт уйлж, доош сөхрөн суужээ.

Үнэндээ түүний амийг товч, андын өгсөн цамц, үрийн заяа аварсан ч юм билүү, хэн мэдлээ. Болсон явдлыг найздаа ирээд дуулгатал “Чиний амийг би аварсан гэж үү. Сонин л юм байна” гээд л өнгөрсөн. Товчийг тэрбээр бурхан мэт шүтжээ. Монгол хүн ингэх нь ч аргагүй юм. Бүр лам хуврагт хандаж, товчийг аравнайлуулан сахиус болгож, долоон жил зүүж явсны эцэст 2014.10.30-ны орой биеэсээ салган унтаж амраад, өглөө нь шуурхай хуралд яарч сандран гарахдаа сахиусаа орны толгойд мартсан байжээ. Гэтэл галын аюулд гэр нь өртөж, дэгж дэрвэж явсан нуган үрийнх нь амийг ч авсан эмгэнэлт явдал тохиосон байна. Түүнтэй ярилцаж суухад айдас зовлонг биеэр амсаж, сэтгэлийн тэнхээ суусан монгол дайчны харцных нь гал илт мэдрэгдэх авай. Эрдэнийн элэгдэх тусам өнгө орж, эр хүн зовох тусам ухаан суудаг нь үнэн аж. Эрдэнэболд маань 2005- 2013 онд “Р-142” радио станцын дарга, холбооны салааны захирагчийн орлогчоор ажиллаж байгаад өдгөө 084 дүгээр ангийн тусгай радио холбооны багш, сургагч ахлагчийн албыг хашиж буй. Хашир сургагч хилийн чанадад гурван ч удаа явж тусгай үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн аж. Мөнөөх “шархтай” дуулга эдүгээ Монгол цэргийн музейд хүндэтгэлтэйгээр заларчээ.  БХЯ-ны удирдлагууд түүнд тохиолдсон үйл явдпын талаар баримтат кино бүтээх ч асуудал яригдсан байна.

Авгаржин Жа. Баяраа

Эх сурвалж: "Соёмбо сонин"