Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр боллоо. Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэв.“Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэжээ.

Тиймээс ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж “огцорсон”.  Мөн ММСУХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Тэргүүлэгчдийн хурлаас ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны 5-р сард хуралдуулахаар тогтсон байна.

Харамсалтай нь Дүнжингаравыг шөнөжингарав болгосон Д.Дагвадорж, Ш.Лхамсүрэн нар ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх бололтой. Өөрөөр хэлбэл тэдний балгийг бусад нь үүрч ММСУХ-ны тэргүүн, нарийн бичиг болох замыг нь засч байна. Ингэснээр 2018 оны 5-р сард болох ММСУХ-ны ээлжит VII их хурлаар Д.Дагвадорж, Ш.Лхамсүрэн нар тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө зүтгэх боломж бололцоотой боллоо.

Уг нь зүй нь Д.Дагвадорж, Ш.Лхамсүрэн нар морь уях эрхээ хасуулж, гэмтсэн хүүхдүүдийн зардлыг холбооноосоо биш өөрсдөө гаргах ёстой. Тэгвэл шударга тогтолцоо болно гэдгийг олон хүн хэлэх болно.

Д.Дагвадорж, Ш.Лхамсүрэн нарын гаргасан ичгүүр, сонжуургүй булхайг эргэн санацгаая. 

Таван толгой транс" компанийн захирал Д.Дагвадорж Дүнжингаравын үеэр  барианы комисст орсон бөгөөд өөрийнх нь хүлэг азарганы 6-р байранд орсон байтал айрагдсан таван морийг хасаж өрийнхөө морийг түрүүлүүлсэн. Үүгээр ч зогсохгүй их насны хурдан морины уралдаанд өөрийнх нь  морь  наймаар орж ирж байхад мөн л айрагдсан морьдоос хасаж, будлиантуулсаар түрүүлүүлсэн байгаа юм.  Улмаар Дүнжингарав уралдааны индэр дээр гарч ард түмнээ "Та нар муу сайн юмнууд" хэмээн загнаж уралдсан морины нас болгонд өөрийн морио хүчээр түрүүлүүлж, түүнийгээ тэгээд бахархалтайгаар цоллуулж байв.

Дүнжингарав уралдаанд унаач 407 хүүхдээс 16 нь  мориноос унаж, гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн.  Дүнжингаравт 10-13 насны хүүхдүүд морь унасан бөгөөд хууль журмаараа бол 12-с дээш насны хүүхдүүд морь унах ёстой. Өөрөөр хэлбэл уяачид дүрмээ зөрчиж 12-с доош насны хүүхдээр морь унуулсан. Ингэхдээ өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлсэн байгаа юм.  Үүнийг зохион байгуулагч Ш.Лхамсүрэн анзаараагүй, сүүлд нь мэдсэн гэдгээ хэлж байсан.

Энэ мэтээр тэдний булхай нэгээр зогсохгүй үргэлжлэх болно. 

ММСУХ-ныхон шударга юм бол Д.Дагвадорж, Ш.Лхамсүрэн нартаа их хурлаараа хариуцлага тооцож хүний олон үрсийн эрүүл мэнд, амь насыг аврах учиртайг сануулж байна.