Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Нийслэлийн есөн дүүргээс баруун, зүүн захын Сонгинохайрхан, Баянзүрх илүү олон хүн амтай. Дүүргүүдийг шинээр байгуулсан 1992 онд нийслэлийн хүн амын тоо 500 гаруй мянга байсан.

Тухайн үед Баянзүрх дүүрэгт 87.5 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 115 мянга гаруй иргэн оршин сууж байжээ. Үүнийг одоогийн хүн амтай харьцуулбал тухайн хоёр дүүргийн оршин суугчдын тоо өнгөрсөн хугацаанд дунджаар 3.5 дахин нэмэгдсэн байна. Суурин газар бараадаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр нийслэл хотыг зорин ирж буй иргэд ихэвчлэн Баянзүрх, Сонгинохайран дүүрэгт суурьшдаг. Ингэснээр баруун, зүүн хэсэгт хотын төвлөрөл үүсч, улмаар элдэв асуудал гарах нь цөөнгүй. Дээр дурдсан хоёр дүүрэг гэр хороолол олонтойн зэрэгцээ зарим нь хотын төвөөс хэт алс оршдог. Тиймээс төрийн үйлчилгээг хурдан шуурхай авахад хүндрэлтэй байдаг. Тодруулбал, зарим хороо сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэггүй, тэр ч бүү хэл цахилгаанд холбогдоогүй айл өрх ч бий. Үүнээс үүдэн бага насны хүүхдүүд цоожтой гэрт үлдэх, хичээл завсардах зэрэг багагүй асуудал үүсдэг. Оршин суугчдад тулгамдаж буй энэ бүх асуудлыг шийдвэрлэж, хотын захын дүүргүүдийг хөгжүүлэх гарц, шийдэл бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах явдал юм. Одоогоор Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 160 гаруй мянган хүн амтай бол Сонгинохайрхан дүүрэг 300 гаруй мянган хүн амтай учраас хамгийн олон буюу 32 хороотой. Иймд эдгээр хороог хувааснаар дээрх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, захын хороодын оршин суугчид төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, нийслэл хоттой хөл нийлүүлэн хөгжинө гэсэн үг. Тийм ч учраас дүүргийг хуваах хүсэлтийг иргэд болон хорооны дарга, хэсгийн ахлагч нар нийслэлийн үе үеийн удирдлагуудад тавьж иржээ. Тэдний санал хүсэлт боломжгүй зүйл биш. Сонгинохайрхан дүүрэгт хүн амын тоо нь 20 мянга давсан арван хороо бий. Эдгээрийг нэг хороо арван мянган хүнтэй байхаар хуваавал зардал бага гарч, ачааллаа даахаа больсон төрийн үйлчилгээ иргэдэд ойртох боломжтой. Тухайлбал, нэгдүгээр хорооллын урдуур төв замаар эсвэл тус хорооллыг хасч гэр хорооллоо тэнцүү оруулж, одоогийн хүн амыг ойролцоо байдлаар хуваах хувилбар байж болох юм. Харин Баянзүрх дүүргийг хуваах хувилбар олон байна. Эхнийх нь 117 мянган хүн амтай Дүнжингарав, хоёр дахь нь Туулын голын зааг, төвийн төвлөрлөөс хамаарсан Гачуурт дүүрэг гэж хувааж болно. Оршин суугчдын санал хүсэлтийг судалж, боломжтой гэж үзээд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах шийдэлд хүрвэл Үндсэн хуульд зааснаар эцсийн шийдвэрийг тухайн дүүргийн иргэд, Иргэдийн хурлын төлөөлөгчид гаргах юм. Үүний дараа нийслэлийн ИТХ-ын саналыг авч, улмаар Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Эцэст нь, УИХ-аар хэлэлцүүлж, тогтоол гарснаар баталгаажих юм. Өөрөөр хэлбэл, шат шатны байгууллагын санал шийдвэрээр энэ асуудлыг хэрэгжүүлэх эсэхийг шийдэх болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөн байгуулах асуудлыг холбогдох хуульд ингэж тусгажээ. Тухайлбал, Үндсэн хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ" гэсэн бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуульд “Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн Нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин