Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио улс орон даяар дуугарлаа. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригт энэ дохиог дуугаргаж дадлага сургуулилтыг зохион байгуулдаг.

Чингэлтэй дүүргийн нэлээд ачаалалтай, хүний хөдөлгөөн ихтэй газар бол Долоон буудлын эцэс. Энд банк, дэлгүүр, эмийн сан, ломбард, дархны газар, гутал засвар, такси үйлчилгээ, гуанз, худалдаа наймаа гээд үйлчилгээний бүхий л газар төвлөрсөн, аль ч цагт, хэдийд ч хүний хөл тасардаггүй хэсэг. Дохио дуугарахаас өмнө тэнд очлоо. Долоон буудлын эцэст такси, автобусны зогсоолын ойролцоо гамшгийн дуут дохио зарладаг төхөөрөмж байдаг юм байна. Зарласан ёсоор 16:00 цагт гамшгийн дуут дохио дуугарахад иргэд айж сандарсангүй. Худалдаа наймаагаа үргэлжлүүлж, автобус, унаандаа сууж, авто машинууд замын хөдөлгөөндөө оролцож, явган зорчигчид гарцаар гарах гэж ногоон гэрэл хүлээнэ. Дуут дохио эхлээд гурван минут хэртэй дуугарахад иргэд ер нь тоосонгүй. Автобус хүлээж зогссон хүмүүс үргэлжилсэн чанга дуу гаргах дуут дохионы төхөөрөмж рүү гайхацгаан хүзүүгээ сунган харах юм. “Энэ яагаад дуугараад байна аа” гэсэн шиг зарим нь хөдөлгөөнгүй зогсоод дуут дохионы төхөөрөмжийг харсаар.

Дуут дохионы дор наймаа хийж зогссон эмэгтэйчүүд “Яасан ядаргаатай юм” гэхэд тэр хавиар явсан зарим нь чихээ дараад зугтлаа. Дохио хоёр дахиа дуугарахад худалдааны төвийн үүд, банкны АТМ-д дуугаарлаж байсан иргэд мөн л гайхсан байртай “Юу болоод байна аа” гэх. Дуут дохионы дундуур цагаан хоолойгоор гамшгийн үеийн дуут дохио дуугарч байгааг сануулахад иргэд “Энэ юу гээд байгаа юм”, “Юу гэнэ вэ” гэж юу болоод байгааг мэдсэн шинжгүй. Наймаачин эмэгтэйчүүд “Энэ яасан ядаргаатай юм. Хэр удаан дуугарах юм бэ” гэж тээршаана.

Тэндээс хөдлөөд Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэг дээр очлоо. Хүүхдүүд толгойгоо тэврээд нэг дороо бөөгнөрөөд суучихаж. Багш нар нь “Хүүхдүүд ээ бөөгнөрөөрэй, бөөгнөрөөрэй” гэнэ.

Дуут дохио дуугараад дууссан ч хүүхдүүд босохгүй толгойгоо тэвэрсээр. Тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхэн дээр очлоо. Хүүхдүүдээс юу болоод байгааг асуухад “Агаарын дохио дуугарч байгаа юм” гэлээ. Ийм дохио яагаад дуугарч байгаа юм гэвэл “Өөрсдийгөө хамгаалах ёстой” гэцгээв. Юунаас өөрсдийгөө хамгаалж байгаа юм гэж лавлавал “Хатуу бөмбөг, чулуу, борооноос толгойгоо хамгаалж байгаа” гэж нэг нэгнээсээ уралдан хариулж байлаа. Зарим хөвгүүд “Үгүй ээ, гал командын машины дуу яг ингэж дуугардаг юм” гээд дуут дохиог дуурайж дуугарна. Зарим нь энэ чинь “Цагдаагийн машин” гэцгээв.

51 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Мөнхбаяртай энэ үеэр уулзахад “Эхний дохиогоор л бид хүүхдүүдээ цэцэрлэгээс гаргаж аюулгүй бүсэд гаргасан. Манай цэцэрлэгт жил бүр ийм сургалт явагддаг болохоор ямар нэг хүндрэл гарсангүй” гэлээ. Тус цэцэрлэгийн арга зүйч Д.Оюунсүрэн “Манай хүүхдүүд ямарваа нэг юм болвол гадаа гарч аюулгүй бүс дээр цуглараад хэвшчихсэн. Ноднин хороо болгон дээр гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулсан юм. Тэгэхэд манай цэцэрлэг дээр шар усны үерээс хамгаалах сургалтыг зохион байгуулсан. Сая дуут дохиогоор аюулгүй талбайд яаж гарах сургалтыг хийлээ. 2-5 насны хүүхдүүд хэдийгээр балчир ч гэлээ бид энэ сургалтыг тайлбарлахдаа ямар нэг тойруу утгаар биш шууд гамшгаас хамгаалах дуут дохио шүү гэж үнэнийг нь хэлж ойлгуулдаг. Газар хөдлөх, үер усны болоход ийм дохио дуугарвал өөрийгөө хамгаалахын тулд хамгийн түрүүнд ангиасаа гарахдаа толгой дээрээ гараа юмуу, ном тавьж гарна. Тэгээд багшийнхаа заавраар, багшаа дагаад цэцэрлэгийн гурван талын хаалганы аль нэгээр нь гарч аюулгүй бүсэд цугларна шүү гэдгийг хэлж өгдөг” гэлээ. Хүүхдүүдэд гамшгийн дуут дохионы талаар өмнө нь олон удаа тайлбарласан ч яг дуут дохио дуугарах мөчид зарим нь “Багш аа, энэ тоглоом уу, ямар гоё тоглоом бэ” гэж асуусан гэнэ.

2013 оноос хойш ийм сургалтыг жил бүр хийдэг болохоор ахлах бүлгийн хүүхдүүд нь дүү нараа бодвол дуут дохионы талаар илүү мэдлэгтэй байдаг юм байна. Тэд “Бид аюулаас өөрсдийгөө хамгаалж байгаа юм. Толгой дээр юм унана гээд толгойгоо хамгаалдаг” гэцгээнэ.

Энэ үед дуут дохио дахиад дуугарахад хүүхдүүд дахин аюулгүй бүсэд цугларцгаалаа. Малгайгаа өмсч байдгаараа бөгтийж гараа толгойноосоо өчүүхэн ч холдуулахгүй хурцгаав. Дуут дохион дуугарахаа больсон ч хүүхдүүд гараа толгойноосоо салгасангүй. Бэлтгэл бүлгийн багш Б.Дуламсүрэн “Дуут дохио дуугарахад хүүхдүүд багш нарынхаа үгийг сонсч ангиас гарахдаа хана налж, юмнаас болгоомжилсон аятай их л анхаарал сэрэмжтэй гарч ирсэн. Өмнө нь хүүхдүүдэд сайн тайлбарлаж өгчихсөн болохоор айх, уйлах, сандрах зэргээр ямар нэгэн юм болсонгүй. Сургалтын номын дагуу боллоо” гэж байлаа.

Дуут дохиогоор хотын төвд үйл ажиллагаа эрхэлдэг зарим компани, байгууллагуудын ажилтнууд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсчээ. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах, гараараа болон гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуулилтад оролцсон байна. Мөн Сүхбаатарын талбайд ойрхон байрладаг төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгжийнхэн дуут дохиогоор төв талбайд цуглан гамшгийн эсрэг сургуулилтад хамрагдсан бөгөөд энэ үеэр онцгой байдлын албаныхан гамшгийн нөхцөлд хэрхэн ажиллаж, шуурхай тусламж үзүүлэхийг зэргийг зөвлөсөн юм.

Иргэдийн хувьд гамшгийн аюулаас сэргийлсэн дуут дохио дуугарахад түргэний машин, цагдаагийн машины дуут дохиотой андуурах зэргээр анзаараагүй бол зарим нь “Дохио дуугарна гэж мессэж ирээд байсан. Энэ л юм байна даа” гэцгээж байлаа.

Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дуугарахад ихэвчлэн ямар нэгэн объектоос гарах тухай л сурталчилаад байдаг мөртлөө гудамж талбайд явж байгаа, автобусаар зорчиж байгаа, гудамжинд худалдаа наймаа хийж байгаа иргэн уг дуут дохиогоор ямар арга хэмжээ авах тухай сургалт дутмаг нь харагдлаа.

Долоон буудлын эцэст дуут дохио дуугарах үеэр түр саатахад тэнд гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дуугарч байгаа гэдгийг мэдэж, эргэн тойрны хүмүүстээ “Энэ чинь аюулын дохио шүү” гэж хэлж дуулгаж байгаа хүн байсангүй. Хэрвээ жинхэнээсээ үер, шуурга, газар хөдлөлтийн дохио дуугарвал иргэд маань дуут дохионы төхөөрөмж рүү харж гайхаж гөлөрч байгаад л аюулд өртөж мэдэхээр юм гэсэн болгоомжлол төрлөө. Дуут дохиог дуугарч эхэлснээс нь дуусан дуустал гартаа тортой хүнсээ барьсан чигтээ таг гайхаж зогссон нэгэн настай эрийг хараад ийм бодол төрсөн билээ. Цаашид ийм сургалт, сургуулилтыг хийхдээ зөвхөн хотын төв гэлтгүй захын гэр хорооллуудын хүн ихээр төвлөрдөг иймэрхүү газруудад зэрэг зохион байгуулбал ганц ч болтугай иргэн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиог цагдаа, түргэний тэрэгний дуут дохионоос ялгаж сурахын сацуу, гайхаж гөлрөхийнхөө оронд аюулгүй бүсийг олоод очих ёстой гэдгийг мэдээд авна даа. Тэгэхгүй бол гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дуугарахаар чихээ дардаг, уурладаг, гайхдаг хүмүүс гэр хороололд их байна шүү.

Өдрийн сонин