Хошин урлагийн хамтлаг, продакшнуудын нэгдсэн “Дөрөвдүгээр сарын 1” тоглолт өнөөдөр “UB Palacе”-ийн концертын их танхимд болно. Энэхүү тоглолтод оролцох зарим жүжигчний инээдмийн баярын талаарх сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа -Хошин урлаг бол монголчуудын үзэх дуртай дэлгэцийн урлагийн төрөл юм. 1990-ээд оны үед хошин урлагийн тоглолтын тасалбарт дараалан зогсох хүмүүсийн цуваа Соёлын төв өргөөнөөс Засгийн газрын ордон хүртэл үргэлжилж, автозамын хөдөлгөөн хүртэл зогсч байсныг мартдаггүй.

Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг -Инээдмийн баярын өдрөөр хошин урлагийн продакшнуудаас гадна Улсын драмын эрдмийн театрын жүжигчид егөөдсөн үзүүлбэрүүдээс бүрдсэн “Туйлшрал” тоглолтоор үзэгчдэд бэлэг барьдаг байлаа. Нэг жил “Туйлшрал” тоглолтын үеэр “Театрт гал гарсан тул танхимаас яаралтай гарна уу” гэж зарлаж дуусав уу үгүй юү үзэгчид хаалга руу овооров оо. Бид ч сандарч “Дөрвөн сарын нэгэн” гэсэнд үзэгчид инээлдсээр суудлаа эзэлсэн юм. Энэ “цагаахан” хошигнолын дараа тоглолтын уур амьсгал эрс өөрчлөгдөж, үзэгчдэд илүү хүрсэн санагддаг.

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд-Инээдмийн баярт зориулсан хошин урлагийнхны хамтарсан тоглолтод “Шинэ үе” продакш бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Хэдийгээр Монгол Улсын хуулинд тусгаж, албан ёсны баяр болгоогүй ч энэ өдрийг монголчууд архигүй тэмдэглэдэг сайхан заншил тогтжээ. Энэ өдөр хэн нэгэнд инээд хөөр бэлэглэнэ гэдэг миний хувьд аз жаргал юм.

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү -Би дөрөвдүгээр сарын 1-нд үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулзахдаа баяртай байдаг. Ахмад болон залуу үеийн уран бүтээлчидтэйгээ нэгэн тайзнаа тоглоно гэдэг ховор тохиох завшаан юм. Энэ өдөр бол уран бүтээлч бидний төдийгүй хүн төрөлхтний баяр.

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулга -Монголын хошин урлагийн жүжигчид нэгэн тайзнаа хуран чуулна гэж бодохоор сэтгэл хөдөлж байна. Инээдмийн баяраар найман настай балчраас наян настай буурал хүртэл хөөр баяслаар дүүрэн байх болтугай. Би энэ тоглолтыг хөтлөхийн сацуу шинэ үзүүлбэрээрээ үзэгчидтэйгээ учран золгох болно.

Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг -Би инээдмийн баярын өдрөөр хэн нэгнийг хөгжөөж, бас гэмгүй “хуурч”инээд бэлэглэх дуртай. “Маск” продакшны таван жилийн ойн тоглолтыг хөтөлж байхдаа “Эрхэм хүндэт үзэгчид ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жүжигчин П.Эрдэнэзааныг төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагналаа” гэтэл үзэгчид нижигнэтэл алга ташсан юм. Энэ бол миний хамгийн олон хүнийг нэгэн зэрэг “дөрөвдүгээр сарын нэгэндсэн” тохиолдол байсан.

Х.ЭРДЭНЭЗАЯА

unen.mn