Хүн шинэ дуу гарсан бол сонсох гэж бас дуртай дуугаа сонсох гэж машинд өнгөрүүлж буй цөөн хоромдоо FM сонсдог. Гэвч FM-ээр рекламан дундуур л дуу сонсож байгаа. Өөрөөр хэлбэл хэт хямд үнэтэй тул ААН-үүд FM-ээр сурталчилгаагаа “нүдэх” сонирхолтой байдаг.

 Мөнгө өгч л байвал хамаагүй гэсэн шиг FM-ийн сурталчилгаанууд сүүлийн үед зах замбараагүй болж байна. Тодруулбал, өдрийн цагаар бэлгэвч сурталчилж байх юм. Уг нь хүний хэрэглээ хамаагүй гээд тоохгүй байя гэвч янаглах гэж ядсан хүүхний хуурамч тавилттай дууг сонсохоос огиудас хүрнэ.  Лав энэ сурталчилгаанаас нь болж тухайн брэндийн гэх бэлгэвчийг авах хүний тоо буурахаар сурталчилгаа болсон. Нөгөө талаас бэлгэвч бол 18+ хэрэглээ. Тиймээс энэ төрлийн сурталчилгааг шөнө оройн цагаар явуулах хэрэгтэй.

Мөн  гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэсэн агуулган дор 18+  сурталчилгаа явуулсаар байна. Уг нь энэ төрлийн сурталчилгааг шөнө оройн цагаар явуулбал тохиромжтой баймаар. Гэтэл өдрийн цагаар сурталчилгааг хэт явцуу хүрээнд  хийж байгаа нь дэндүү өрөвдөлтэй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг сурталчилгаа захиалагч болон түүнийг гүйцэтгэгчид анхаармаар.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Буян Б.Жаргалсайхан, хотын мээр асан Э.Бат-Үүл, Ц.Нямдорж нарын хоолойг дуурайлгасан “орон гаран” хүнийг санагдуулам сурталчилгаа явна.  1-2 удаа бол хамаа алга. Гэвч дээрх нэр бүхий хүмүүсийн хоолойг дуурайсан сурталчилгааг ихээр явуулах нь тухай хүмүүсийг олны  элэг доог болгож байна. Уг нь тэдний хоолойг дуурайж байгаа бол ядаж доромжилж байгаа мэт орон гаран мэт сэтгэгдэл төрүүлэхээр сурталчилгаа хийхгүй байхад хошин шогийнхон бодолцох ёстой.  

Уг нь аливаа зүйл зах замбараатай, хэм хэмжээтэй байх ёстой. Гэтэл ингэж зах замбараагүй байгаа нь өөрөө энэ салбарын хэвлэлд анхаарал хандуулах ёстой гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл өдрийн цагаар хүүхдүүд дээрх ёс бус, үзэл сурталгүй сурталчилгаануудыг зохицуулах шаардлага байгаад хяналт тавих ёстой байгууллагууд нь ажиллах хэрэгтэй байна.

Хэрвээ үнэхээр сурталчилгаа явуулмаар байгаа бол дөрвөн ханан дунд ганцаараа шахам суудаг FM-ийнхэн  арай өөр арга хэлбэр сонгож болмоор. Ингэж арга ядсан байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байснаас сурталчилгаа явуулахгүй уран бүтээлчдээ дэмжээд дууг нь явуулсан нь дээр шүү!!!