Урагдаж цоорсон оймсоо нөхөөд өмсчих ухаан хэнд ч байх хэрэгтэйг сануулсан жишээг уул уурхайнхан цугласан тайзнаас сонслоо. “Газраа өрөмдөж, ухаж, цоолчихоод хэн, хэзээ яасан нь мэдэгддэггүй гаж үзэгдэл уул уурхайн салбарт байна” гэсэн шүүмжээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэг дээр үнэнийг хэлсэн ч монголчуудыг ойрын 20 жилдээ хөл дээр нь босгох эдийн засгийн тэргүүлэх салбар бол энэ шүү хэмээн “өмөөрөв”. Тэрбээр “Монголчууд хүссэн, эс хүссэн ч уул уурхайн орон болжээ. Энэ нэр, нөлөөгөөрөө ойрын 20 жилдээ амьдрах нь байна. Энэ салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татаад тухайн компани нь ажлаа эхлүүлэх гэхээр иргэдийн газар нутгаа өмгөөлж хамгаалсан эсэргүүцэлтэй тулдаг. Мэдээж энэ бол зүй ёсны хэрэг. Гэхдээ эрдэс баялаг, нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар таны амьдралд хэрхэн тус өгөөжөө өгөх вэ гэдэг талаас ач холбогдлыг нь төдийлөн таниулж чадахгүй байх шиг. Нөгөө талаасаа иргэдийн уул уурхайн салбарт шүүмжлэлтэй ханддаг нь хариуцлагагүй компаниудын үйл ажиллагаанаас ихээхэн болж байна” гэлээ.   Ерөнхий сайдын онцолж буйгаар “Канад, Австрали гэх мэт улс орны уул уурхайгаа түшиж хөгжсөн сайхан жишээнээс бид суралцаж болно. Түүнээс энэ салбарыг хөгжүүлье гээд ажил ярихаар Африкийн орнуудын нүүрс, эрдэс баялгаа ашигласан хамгийн муу жишээ ярьж хөгжлийг нь тушдаг байдлаасаа татгалъя. Канадууд уул уурхай, эрдэс баялгийнхаа салбарыг хүн төрөлхтөн гар утас зохион бүтээж зэсийг нь ашигладаг болсон тэр цагаас ч өмнө, олимпийн аваргатай болохоосоо ч өмнө ашигласан” гээд бидэнд ч ийм замаар явах боломж байгааг хэллээ.

Уналтад орж гадны хөрөнгө оруулагчид манайхаас дүрвэх болсон эрдэс баялаг, уул уурхайн салбарын тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодотгож “Африкийн дэд ерөнхийлөгч миний урилгаар манай улсад айлчилах үеэрээ уул уурхайн салбараас орж ирж байгаа мөнгөөрөө бусад салбараа тэжээ гэж захиж байлаа. Дэлхийд хөгжлөөрөө дээгүүрт тооцогддог Йохонсбург хот анх алт олборлодог л нутаг байсан юм билээ. Гэтэл өдгөө хэн хүний нүдийг хужирласан бүтээн байгуулалт, хөгжлийн өндөр хурдаараа гайхуулж байна. Гэтэл манайх 2013 онд 20 сая тонн нүүрс гаргах гэж бөөн асуудал болж байна. Австрали хөгжлийнхөө өнгөөр гялалзаж байгаа бол Чили дарсны орон гэдгээрээ алдартай. Тэгвэл манайх уул уурхайгаасаа гадна мал аж ахуй, ноос, ноолуур, цагаан идээгээрээ дэлхийд өөр нэг брэндийг бий болох гарц байгаа. Гэтэл эдийн засгийн тэргүүлэх салбараа уул уурхай гэчихээд хөрөнгө оруулъя, хамтарч ажиллая гэхээр болохгүй, дэмжихгүй гэх юм. Энэ талаас нь харсан ч бид хууль, эрхзүйн таатай орчин бий болгоё. Засгийн газрын зүгээс геологийн судалгаанд анхаарлаа хандуулах бодлого барина. Монголдоо нүүрсээ угаая, боловсруулъя. Хариуцлагатай уул уурхай гэж ярих биш, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй, ил тод хариуцлагыг нэхэх хэрэгжүүлэх цаг болжээ” гэсэн юм.

Харин салбарынхны хувьд Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж Оюутолгой баяжмалаа гаргалаа. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээс ч илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгээ хэлчихсэн. Мөн энэ онд Тавантолгойгоос өндөр үр өгөөж хүлээж байгаагаа хэлж байсан бол газрын тосны олборлолтын хэмжээ өнгөрөгч онд 2012 оноос 30 гаруй хувь нэмэгдсэн ололттой гэдгийг онцоллоо.

Нэг үеээ бодвол уул уурхайн сал­бар харьцангуй цэгцрэх хандлага руугаа орж байна. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын хамгийн их шүүмжилж ирсэн зүйл нь эрхзүйн тогтворгүй орчин, бодлогын тодорхойгүй байдал байв. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар эрхзүйн тогтвортой орчин бий болох боломж бүрдэж, төрөөс уул уурхайн салбарт баримтлах бодлогын бичиг баримт үндсэндээ тодорхой болсноор хөрөнгө оруулагчид төдийгүй, нийт салбарынханд нааштай хандлагыг авчирч байна. Тиймээс ойрын хугацаанд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Үүнийг дагаад салбарын өсөлт хурдацтай явагдана гэсэн хүлээлт байгаа юм.

Дээрх нөхцөл байдалтай уялдаад дараагийн асуудал урган гарч ирж байгаа нь боловсруулалт юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, олборлолт ойрын жилүүдэд өсөх төлөвтэй байна. Тэгвэл түүхийгээр нь борлуулаад байх уу, эсвэл нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэсэн асуулт юм. Мэдээж байгалийн баялаг хэзээ нэгэн цагт шавхагдана. Тиймээс үр шимийг нь бүрэн хүртэхийн тулд боловсруулах салбарыг үе шаттайгаар дэмжих ёстой хэмээн салбарын эрдэмтнүүд санал нэгдэж байна. Өнөөгийн байдлаар манай улс 100 хувь зэсийн баяжмал гаргаж байна. “Эрдмин” үйлдвэр жилдээ 3000 тонн цэвэр зэс гаргаж байгаа ч энэ нь маш бага дүн юм. Нүүрснийхээ 30 орчим хувийг угааж байна. Үлдсэнийг нь түүхийгээр гаргаж буй юм. Жоншны хувьд 38 хувь нь флотацийн баяжмал болж байна. Төмрөөр жилд 50 мянган тонн арматур үйлдвэрлэж чадаж байгаа. Гэхдээ хаягдал төмрийг хайлуулах замаар үйлдвэрлэл явуулж байгааг дурьдах нь зүйтэй. Эрдэс боловсруулалтын түвшин бага байгаагаас ямар алдагдал хүлээж буйг ганц жишээгээр тайлбарлая. “Энержи ресурс” компани гэхэд л угаасан нүүрсээ 100 орчим ам.доллараар борлуулж байна. Харин түүхий нүүрс 60 орчим ам.долларын үнэтэй байна. Үүний зөрүү нь 40 орчим ам.доллар болж байгаа.

Цаашид боловсруулалтын түвшинг нэмэгдүүлснээр 2018 он гэхэд нүүрснээс 4.3 тэрбум, зэсээс 4.2 тэрбум, төмрөөс 1.3 тэрбум, нийт есөн тэрбум ам.долларын экспортын орлого олох боломж байгаа аж. Манай улсын өнөөгийн 2.5 тэрбум ам.долларын валютын нөөцийн түвшинтэй харьцуулаад үзэхэд л дээрх хэмжээний орлого ямар өндөр болохыг харж болно.

М.МӨНХТУНГАЛАГ

СЭТГҮҮЛЧ