Египетэд Шинэ Үндсэн хуультай холбогдуулан явуулж буй бүх нийтийн санал асуулгын эхний өдөр гарсан эмх замбараагүй байдлын улмаас 10 хүн амиа алджээ. Каирын орчимд “Ах дүү мусульман” хөдөлгөөнийхөн санал хураалтад саад хийхээр оролдож орон нутгийн иргэдтэй мөргөлдсөнөөр таван хүний амь нас хохирсон байна. Эмх замбараагүй байдлыг цэрэг болон цагдаагийн хүчээр таслан зогсоожээ. Нийслэлээс өмнө зүгт орших Бени-Суэйф хотод эсэргүүцэгчид санал хураалтын хэсэг рүү халдах үеэр нэг хүн буудуулж үхсэн байна. Түүнээс гадна тус улсын өмнө зүгийн Сохаг хотод дөрвөн хүн амиа алджээ. Албан ёсны мэдээллээр тэднийг санал өгөх байр руу явж байхад нь зэвсэгт этгээдүүд буудсан аж. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдагсад “Ах дүү мусульман” хөдөлгөөний гишүүд байсан бололтой. Түүнчлэн Каирт санал өгөх байр нээгдсэний дараа Шүүхийн байрны өмнө дэлбэрэлт болсон ч хэн нэгэн бэртэж гэмтээгүй гэсэн мэдээлэл ирлээ.

“Франс пресс” агентлагийн мэдээлснээр санал асуулгын эхний өдөр 140 хүн баривчлагдсаны дотор “Ах дүү мусульман” хөдөлгөөнийхөн голчлон байгаа аж. Экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг дэмжигч энэ хөдөлгөөнийг Египетийн эрх бариг­чид өнгөрсөн сард алан хядах байгууллага гэж зарласан юм.  Египетэд бүх нийтийн санал асуулга  лхагва гаригийн хүртэл үргэлжилнэ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Египетийн шинэ Үндсэн хуулийн төсөл бэлэн болсон. “Ах дүү мусульман” хөдөлгөөний хоёр гишүүнийг оролцуулаад нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл оролцсон тусгай комисс энэхүү төслийг боловсруулсан аж. Шинэ Үндсэн хуулийн онцлог нь арми болон парламентын нөлөөг нэмэг­дүүлж, нийгэмд исламын үзүүлэх үүр­гийг хязгаарлаж байгаа аж.