Цаазалчихаад шүүдэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнуудаа аа!

Baabar.mn дээр тавьсан миний нийтлэлүүд "нохой шуугиулж" байдаг юм. Хараал зүхлээр дүүрэн коммент хөвөрч өгнө. Тэчъяадсан хэсэг нь "үхээдэх! алаадахъя! цаазлаадах!" гэх зэргээр "бөөлнө" дөө хө.

Бат-Үүл гэхээр "өмдөндөө чацга алддаг" нөхдүүд нүүрээ нуучихаад "гар хангалга" үйлдэж буй нь тэр! Баабар "Чи, тэр хөөрхийсийг зовоож яах гэсэн юм?! Комментоохаачих" гэж зөвлөдөг юм л даа.

Муусайн комментчдыг Баабар өрөвддөг юм байгаа биз. Харин би тэгэхгүй! 

Надад ингэх хоёр шалтгаан бий. Нэгд, нийтлэлийн маркетингт тустай. Хоёрт, цаг нь болохоор амилаад ирэх ногоон малгайтнуудын сүнс хэчнээн их байгааг, Чингис хааны хэлсэнчлэн хүмүүст "өглөө бүр сануулж байх"-д хэрэгтэй юм.

Би саяхан "Дарангуйлалд бэлдэх заавар" нэртэй нийтлэлдээ ногоон малгайгаа өмсөж ирээд хүчирхийлэх хүн ойр хавиар чинь цөөнгүй байгаа гээд бичээдэхсэн чинь найз нар маань "арай хэтрүүүллээ" хэмээн баалж билээ. Харин ашгүй, Ерөнхийлөгч Баттулга "Цаазалъя!" уриаг трэнд болгон ард олныг хөөргөж, хөөрсөн олон түмэн нь Сайханбилэг, Баяр нарыг "шууд цаазлаад өгөөч!" хэмээн шаардан хийрхэж байгаа нь миний зөв байсныг нотоллоо. 

Боловсролтой найз нар маань, шүүхгүйгээр шууд цаазлахад бэлэн байгаа массыг хараад "Ямар аймаар юм бэ! Ногоон малгайтан болох хүн ийм их байсан юм гэж үү? Бат-Үүл ээ!" гээд нүд нь эргэлдэж байна. Тэд одоо миний мэргэн түргэнийг бишрэх маягтай байгаа.

Ард түмэн маань хашраагүй л байна! 

Ногоон малгайтнууд өнгөрсөн зууны 30-аад онд Бодоо, Данзангаас эхлүүлээд 40000 орчим гэмгүй монголыг шүүхгүйгээр цаазалчихсан юм. Өнөөдөр "нөгөө ертөнцөд одсон" тэднийг Монголын шүүхээр хэлэлцэн гэм буруугүйг нь тогтоогоод цагаатгаж байгаа. 

Цаазалчихаад, дараа нь шүүж байгаа юм шүү дээ! Энэ ажил мөд барагдах янзгүй үргэлжилсээр буй.

Жигтэй тохуутай тэнэглэл, эмгэнэлт түүх!

Хачирхалтай нь, энэхүү тэнэглэл, эмгэнэлийг дахин үйлдэхэд "бэлэн байдал" манай нийгэмд байгаа нь Ерөнхий сайд нарын "Их баривчилгаа"-ны үеэр сая тодорч харагдлаа. Сайханбилэг, Баяр нарыг шүүхгүй буудчихад баярлах ногоон малгайтан онлайнаар дүүрээд ирэв шүү дээ!

Ногоон малгайтан ч яахав төрөлхийн хүчирхийлэгчид. Зандаахүүгийн Энхболд шиг өсөрхөг зуумхай улс. 

Гэтэл тархиа угаалгаж төөрөлдсөн иргэд ямар олон байв аа?!

Аргагүй ч юм уу! Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Сайханбилэг, Баяр нарыг "Рио Тинтотой нийлээд Монголыг идээд сүйдэлчихлээ" гэдэг пиарыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулаад өргөн цар хүрээтэй түгээсэн шүү дээ!

Энэ үйл ажиллагааг Монголын талаас хариуцсан хүн нь пиарчдын дунд "орос школтой Нирун" хэмээн алдаршсан Батсайхан гэгч бөлгөө. Батсайханы ажлын үр дүн захиалагчийнх нь бодсоноос ч давж буусан буй заа. 

Оюутолгойн гэрээний учир начрыг огт мэдэхгүй иргэд хүртэл золгүй ерөнхий сайд нарыг аль хэдийн "цаазлах"-аар яллачихаж. 30 эргэм насны, аманцар байрын хоёр залуу бүсгүй "Сайханбилэг, Баяр нарыг үг дуугүй цаазлах хэрэгтэй!" хэмээн олон нийтийн газар цуурахад сонсож суусан хүмүүс дэмжиж байхыг би харлаа.

Тархи угааж чадна гэж энэ шүү дээ! 

30-аад оны монголчууд ингэж л тархиа угаалгасан нь 90 он хүрч байж илчлэгдсэн. Ардчиллын буянаар, хөөрхий Бодоо, Данзан зэрэг төрийн олон зүтгэлтэн нь ардын дайсан биш, харин ч жинхэнэ эх орончид байсныг анх мэдэцгээсэн, бид.

Батсайхан мэргэжилдээ сайн байх. Ийм чадварыг нүгэлт хэрэгт ашиглаж байгаа нь л харамсмаар. Муу юмандаа сайн гэж энэ.

Сайтар хийгдсэн паирын уршгаар олон түмэн Сайханбилэг, Баяр нарыг хэдийнээ яллачихсанжээ. Тэгээд манай хуулийн байгууллагууд, олон түмний санаа бодолд нийцүүлэх гэхдээ хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй бололтой.

Журамт иргэний ёсоор хуулийн байгууллагын үйл ажиллагаанд элдэв саад учруулалгүй хамтран ажиллаж байхад барьж хорьдог нь юу вэ? Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад сэжигтнээр татан хорино гэдэг чинь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны наад захын зарчмыг зөрчсөн хэрэг бус уу? Гэрч, сэжигтэн гэдэг нь хуулиар хатуу зааглагдсан, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчид гэдгийг хуулийг хэрэглэх мэргэжлийн үүрэг хүлээсэн прокурорууд мэдэхгүй байлаа гэж үү? Политик (бодлого)-ийг хэзээ байтлаа гэмт хэрэг хэмээн үздэг болсон юм бэ? УИХ, Ерөнхий сайдын ажлыг нэгд нэгэнгүй хянан удирдаж мэдэж байдаг Үндсэн хуультай гэдгийг мэдэхгүй баймааргүйсэн? Засгийн газар танхимын зарчмаар асуудлаа шийддэг хуультай шүү дээ? Энэ мэт олон асуулт байна.

Пиардуулсан олон түмний таалалд нийцүүлэхдээ хууль зөрчсөн прокурор, шүүх бантахдаа тайлбар хэлэхчээ аядаж л байна. Гэхдээ тайлбар бүр нь өмгөөлөгчийн үндэслэлд унах аж.

Би өөрийн туршлагаас, хуулийн үг үсэг, заалтуудыг зөрчин явагдаж байгаа мөрдөн шалгах үйлдэл бүр цаанаасаа захиалгатай болохыг сайн мэднэ. Тийм учраас би "хорих бол хуулийн дагуу хорь, яллах бол хуулийн дагуу ялла, буудах бол хуулийн дагуу бууд" хэмээн мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс хуулийг нэхдэг юм. Дахин дахин нотлон хэлэхэд хууль зөрчсөн мөрдөн байцаалт бүр захиалгатай байдаг юм шүү!

Монголын түүхэнд тохиосон "Их баривчилгаа" болгон гаднаас захиалгатай байсныг түүх гэрчилнэ. Жишээ нь: Бодоо, Данзан нарыг баривчилж, шүүхгүй цаазалсан хэрэг Коминтерний захиалга байлаа.

Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь бас гадны ээлжит захиалга! Оюутолгойг булааж авах зорилготой захиалга!

Сайханбилэг, Баяр нарыг Оюутолгойн гэрээг хууль зөрчиж байгуулсан гэдгээр буруутгаж яллана. Тэгээд Рио Тинтотой байгуулсан гэрээг цуцална. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Монгол Улс маш их хэмжээний өр төлбөрт унана. Тэгээд зогсохгүй Монгол улс өөрөө өөртөө эдийн хориг тавьсан хэрэг болно. Грек шиг дампуурна. Монголыг аврах Европын Холбоо шиг холбоо байхгүй.

Тэр үед аргаа барсан монголчуудаас, мөнөөх захиалагч ирээд өөрийн үнийг тулгаж Оюутолгойг авах болно. Энэ ажилд Загджав мэтийн "бандит"-ууд зуучлах магадлалтай даг.

90 оноос өмнөх сүүлийн 300 орчим жилд Монголын ихэс дээдэс, улстөрчид гадны захиалга, захиа даалгавараар нэг нь нөгөөгөө егүүтгэж, устгаж, хэлмэгдүүлж иржээ.

Энэ гунигт түүх, ардчиллын ачаар дуусгавар болох шиг болсон. Гэтэл, гэрийн үүдээр хөөгөөд гаргасан мөнөөх муу ёр; шуналтай, урвалттай, аймтгай, зуумтгай улстөрчдийн гайгаар тооноор маань эргээд ороод ирлээ шүү дээ! Хүний муу мунхаг улстөрчид нь яасан барагддаггүй юм бэ?

Монгол ч гай хөө рүүгээ ч алхлаа даа! Алсдаа сайн цаг ирэх ахул нэгэнт "цаазалчихсан" гэмгүй хүмүүсээ араас нь шүүх хэрэг дахиад гарах нь ээ!

 

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл