Монголын урлагийн тэр дундаа амьд хөгжмийн ертөнцөд шинэ өнгө нэмэн орж ирж байгаа нэгэн залуу үеийг танилцуулахыг хүслээ. Ийн онцлохын учир нь сурагч насаа үдэх гэж байгаа хүүхдүүдийн төдийгүй, сурагч байх үеэ эргэн санагалзах бүхий л хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөм нэгэн сайхан уран бүтээл мэндэлжээ. Хөгжмийн зохиолч, СТА Г.Одгэрэл багштай “Цаг хугацаа” хамтлагийн “Төгсөгчийн дуу” хэмээх энэхүү уран бүтээл сүүлийн өдрүүдэд цахим орчинд нэлээд далайцтайгаар түгэж байна. Тиймээс шинэ давалгаа болон түрэн орж ирж байгаа шинэхэн уран бүтээлчидтэйгээ танилцахаар Нийслэлийн 48-р дунд сургуулийг зорин очлоо. Бөмбөрийн чимээг даган урлаг зааланд яваад ороход уулзахыг хүссэн хүүхдүүд намайг угтлаа. Ингээд бидний яриа эхэллээ. Хамтлаг ам бүл олуулаа учраас ихэвчлэн нэр цохолгүй ярилцсан юм. Угаас хамтлаг гэдэг хамтдаа нэгэн цул байдаг шүү дээ.

-“Цаг хугацаа” хамтлаг хэчнээн гишүүнтэй вэ. Хэдээс хэддүгээр ангийн сурагчид байна?

-Бид одоо 14-үүлээ болоод байна. Цаашдаа хоёр хамтлаг болон задрах байх. Одоохондоо бүгд хамтдаа бэлтгэлээ хийгээд явж байгаа. Манай хамтлагт 4-11 дүгээр ангийн сурагчид байдаг. Хамгийн бага хоёр нь даралтат хөгжимчид.

-Хамгийн бяцхантай нь танилцъя. Хэн гэдэг вэ. Хэддүгээр ангиасаа хөгжим тоглож сурсан бэ. Олон шагналтай юу?

-Намайг Н.Азжаргал гэдэг. Би 2 дугаар ангиасаа эхлээд хөгжим тоглож сурч байгаа. Ээж маань эхлээд Г.Одгэрэл багштай танилцаад, тэгээд намайг шалгуулаад даралтат хөгжмийн дугуйланд оруулсан. Одоо би 4 дүгээр анги. Найман дуу тоглож сурсан. Улсын уралдаанаас мөнгөн медаль аваад, Өвөрмонголд уралдаанд оролцоод түрүүлж байсан. Олон шагнал авсан.

Түүний хувьд даралтат хөгжим нь маш олон янзын дуугаралттай, мөн бусад хөгжимгүйгээр ч дуу, аялгуу тоглож болдог учраас энэхүү хөгжимдөө их дуртай гэнэ. Ингээд бусад гишүүдтэй яриагаа үргэлжлүүллээ.

-Танай хамтлагийн нэр ямар утгатай юм бэ. Урсгал чиглэлийн хувьд?

-Цаг хугацаа гэдэг бол зогсолтгүй үргэлжлэх амьдралын хэмнэл. Бидний уран бүтээл зогсолтгүй үргэлжлэхийг бэлгэдээд энэ нэрийг сонгосон. Бид нар яг тийм гэсэн урсгалаар дуулдаггүй. Амьд хөгжмөөр тоглож болох дуу бүхнийг л гаргана.

-Урьд нь бүгд хөгжим тоглодог хүүхдүүд нэгдсэн үү. Нэг дуу хэдий хугацаанд гарах уу?

-Б.Төгөлдөр /Ритм гитарчин/ урьд нь өөрөө гитар тоглож сурсан. Дөрвөн дуучны нэг А.Хүслэн хийлээр 3 жил хичээллэсэн. Даралтат хоёр хөгжимчин угаасаа Г.Одгэрэл багшийн шавь нар. Н.Цэнгэлсайхан “Алтан цом” улсын уралдааны алтан медальтай, Н.Азжаргал энэ уралдааны мөнгөн медальтай. Шинээр орж байгаа даралтат хөгжимчин Б.Маралмаа төгөлдөр хуур тоглодог. Бусад нь анх удаа хөгжим тоглож сурч байгаа. Дуучин О.Алсгэрэл 3 настайгаасаа дуулж байгаа. Бид яг нэгдээд нэг сар гаруй болж байна. Анх “Хурд” хамтлагийн “Цэргийн бодол” дууг сурч, Цэргийн баяраар багш нартаа зориулж анхны тоглолтоо үзүүлсэн. Харин сая “Төгсөгчийн дуу”-гаа хийж анхныхаа клипийг хийлгэлээ. Одоо бид нар Guns N’Roses-ын Don’t cry дууг бэлдэж байгаа. Бэлтгэл 50 орчим хувьтай явж байна. SCH телевизийнхэн бас бидэн дээр ирж ярилцлага хийсэн. Клип маань ютүүб, фэйсбүүкээс гадна SCH, Малчин-21 сувгуудаар цацагдаад эхэлсэн байгаа.

А.Ананд: Би соль гитарыг жил хагасын өмнөөс ютүүбээр өөрөө тоглож сурч эхэлсэн. Анх Guns N’Roses -ыг сонсдог байсан. Одоо Megadeth-ыг сонсдог.

-Асар богино хугацаанд маш эрч хүчтэй хөдөлмөрлөж байгаа хүүхдүүд байна. Ар гэрийнхэн нь сайн дэмждэг учраас ийм хурдацтай хөгжиж байгаа болов уу. Хичээл хэр завсардаж байна?

-Манайхны бүх ар гэрүүд яг бүгд ч дэмждэггүй л дээ. Зарим нь эсэргүүцээд байдаг юм. Энтертайнмент зүйл хэрэггүй гэнэ. Зарим багш нар ч гэсэн дэмждэггүй. Хичээлээс гадуур дугуйлантай болохоор ерөнхийдөө хоцрогдол гайгүй. Хааяа яаралтай бэлтгэл, клиптэй үед л чөлөө авах тохиолдол гарч байна.

-Ар гэрийнхэн гэснээс амьд хөгжим гэхээр зарим хүмүүс рок бол хүнд, буруу чиглэлийн урсгал гээд их эсэргүүцдэг тал бий. Та нарыг бас тэгж хүлээж авч байна уу. Ер нь та нар яагаад амьд хөгжмийг сонирхох болсон бэ?

-Бид яг рок урсгалын хамтлаг биш, амьд хөгжмийн л хамтлаг. Гэтэл ар гэрийнхэн буруу гарын хүмүүстэй орооцолдчихно гэсэн ойлголттой байдаг. Ер нь рокыг аймар гэж хүлээж авдаг. Ямар нэгэн урлагийг сайн мэдэрч, зөв хүлээж авч чадвал муу юм юу ч байхгүй л гэж бодож байна.

Б.Төгөлдөр /басс гитар/: Рок бол хайр, харуусал, дурлал, чөтгөр гэсэн зүйлсийг агуулдаг. Хар тамхи, элдэв буруу ойлголт, буруу үйлдэл хийх нь тухайн хүний өөрийн үзэл бодол, ухамсраас л шалтгаална. Хүн амьд хөгжим сонсоход тархины 70 хувь нь ажиллаж байдаг бол хип хоп сонсоход дөнгөж 30 хувь нь ажилладаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг.

-“Хамт-лаг” болж байгаагийн хувьд хамгийн түрүүнд юунд хүрэхийг зорьж байна?

-Бүгд л дэлхийн хэмжээнд хүрэхийг мөрөөддөг. Бид нар ч адилхан. Гэхдээ эхлээд “Авьяаслаг Монголчууд “шоунд оролцохыг хүсч байна.

-Та нарт хэр олон өрсөлдөгч байгаа гэж бодож байна. Хаанаас туршлага судалж байна даа?

-Бидний мэдэж байгаагаар Шинэ Монгол-ын охидын хамтлаг байдаг. Үй цай сургуульд бас хамтлаг байдаг гэсэн. Бидний мэдэхгүй олон хамтлаг байгаа байх өө. Бидэнд бүх зүйлийг Г.Одгэрэл багш маань л зааж өгдөг. Ютүүб, телевизээр мэдээлэл авч, бага сага судалгаа хийдэг.

-Эмэгтэй хоёр бөмбөрчинтэй юм байна. Эмэгтэй бөмбөрчид манайд ховор. Бөмбөрийг сонгоход юу нөлөөлсөн бэ?

Э.Халиун: Түрүүний ярьсан сургуулиудад байж магадгүй. Гадаадад бол олон бий. Бөмбөр их гоё харагддаг. Тэгээд ч эмэгтэй бөмбөрчин гэхээр содон санагддаг.

Б:Анунгоо: Ер нь олонд танигдсан эмэгтэй бөмбөрчин сайн мэдэхгүй байна. Монголд байхгүй байх. Ер нь бөмбөр чинь бүх хөгжмөө удирдаад явдаг болохоор хамгийн чухал нь гэж боддог.

Басс гитарчин Б.Төгөлдөр: Playtime, Noise Metal зэрэг шоунаас монголын олон эмэгтэй бөмбөрчдийг харж болно.

-Дуучдын хувьд амьд хөгжимтэй дуулахын давуу талыг асууя. Панаграммтай дуулахаас ямар ялгаатай вэ?

-Олны танил дуучид ихэвчлэн тоглолтон дээр ам барьж дуулдаг. Тэдний хажууд Хурд, Харанга гэх мэт хамтлагуудын тоглолт илүү амьд, гоё болдог. Амьд хөгжмийн хамгийн гоё нь бөмбөр. Цээжинд мэдрэгддэг. Үзэгчдэд ч илүү хүрдэг.

-О.Алсгэрэл: Амьд хөгжимтэй дуулахад маш гоё кайф мэдэрдэг.

Ц.Азжаргал: Панаграммтай дуулснаас амьд хөгжимтэй дуулах нь сэтгэл дотор илүү таатай, бодит мэдрэмжийг өгдөг. Дуулж байхдаа, миний ард ийм олон хүний итгэл, сэтгэл, хөдөлмөр явж байгаа гэж бодохоор сэтгэл дүүрэн, дуугаа ч сэтгэлээсээ, хүнд хүргэж дуулахыг зорьдог.

А.Хүслэн: Би өмнө нь амьд хөгжимтэй хийл тоглож үзээгүй. Бас их гоё санагдсан.

Тус хамтлагийн дуучид хамгийн сүүлд Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулсан урлагийн тэмцээнд оролцоод Хөх хот руу аялан тоглолтоор яваад иржээ. Мөн тэд анхны цалингаа авсан гэдгээ дуулгаж баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ийнхүү авьяаслаг хүүхдүүдтэй хийсэн ярилцлагаа өндөрлөлөө. Г.Одгэрэл багшийн эдгээр шавь нарын шагналуудыг тоочвол бас хугацаа орох тул түр хойш тавьлаа. Ярилцлагын төгсгөлд хамтлагийн гишүүдийн ирээдүйд сонгох мэргэжлийг нэг бүрчлэн сонирсон юм. Тэдний ихэнх нь урлагтаа үнэнчээр хүчин зүтгэнэ гэдгээ хэлсэн бол бусад нь цахилгааны инженер, тогооч, банкир, батлан хамгаалах салбар, өмгөөлөгч, загвар, IT чиглэлээр явна гэж төлөвлөжээ. Өөр ажил мэргэжилтэй болсон ч дуу хөгжмөөс хэзээ ч салахгүй гэдгээ давхар хэлж байлаа.

Эрч хүч дүүрэн, шинэ залуу үеийн төлөөлөл болон цойлон гарч ирж байгаа Цаг хугацаа хамтлагийг урлагийн ертөнцөд тавтай морил гэсэн урилгаар энэ удаагийн уулзалтаа энд хүргээд төгсгөе.