Арга заль, хөрөнгө мөнгөөр төрд шургалж, харийнхантай хуйвалдан байгалийн баялгийг завшин  хувьдаа хөлжигсөд  хууль, шүүхийн байгууллагыг хахуулиар аргалан  хариуцлага хүлээхгүй, ард түмэн цөхрөнгөө барлаа. Буруутай хүмүүсийг төр, хууль, шүүхийн байгууллага нь шийдэхгүй бол улс түмээ засч ирсэн бөө нар нэгдэн  байгалийн хуульд мэдүүлж,  тэнгэрт дуулгах зан үйл хийнэ  хэмээн мэдээлсэн. Энэ талаар Онгодын хөх тамгат халх,ойрд бөөгийн төвийн тэргүүн, удган Н.Хишигжаргалаас тодрууллаа.

-“Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” тэргүүтэй бөөгийн 30-аад ТББ нэгдэн төрд шургалж  улс орны баялгийг цөлмөн, ард түмнээ ядууруулж, хууль цаазгүй мэт авирлаж байгаа нэр бүхий эрхмүүдийг тэнгэрт мэдүүлж, хатуу хариу нэхэх зан үйл хийнэ гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Зан үйл  энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнөөр Налайхын Нисэхийн ойролцоо нээлттэй явагдана. Хэн ч очиж болно.  Хамгийн гол нь бид тэнд сэтгэлээ нэгтгэе, нэг зүйлийн төлөө нэг сэтгэлээр залбирцгаая гэж байгаа юм. Нийгэм маань хямарчихсан байна шүү дээ. Дээр байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглан байгалийн баялгийг хувьдаа завшиж, доор байгаа ард түмний амьдрал тартагтаа туллаа. Үүнийг төр нь дийлэхээ байсан, хууль, шүүхийн байгууллага нь ч шийдэж чадахаа байсан байна шүү дээ. Бөө хүмүүс гээд  өөр биш. Ард түмэнтэйгээ хамт,  нийгмийнхээ амьдрал дотор  холилдоод  явж  байгаа. Жишээ нь, би өөртөө учирч байгаа зүйлүүдийг  ярихад, өдөрт дээд тал нь 10, доод тал нь таван хүнтэй уулзаж байна. Ямар их зовлон бэрхшээл, яасан их ачаалал ард түмний нуруун дээр ирчихсэн байгааг бид асар сайн ойлгож байна. Залуучууд нь ажил хийдэг ч, байгууллага, компаниуд цалинг нь өгдөггүй хулхидчихдаг юм байна. Хүмүүс өвдөж зовоод эмнэлэгт очиж байна, очихоор нь эмч нар алагчилж эмчилдэг юм байна. Энэ бүхэн амьдралаас нь гарч байна шүү дээ, тухайн хүний. Тэд өөртөө тохиолдсоныг л ярьж байна. Тэр хүмүүс шаналж, зовж байна шүү дээ. Үүнийг хэн хийчихсэн  юм бэ гэхээр төрд шургалсан буруу хүмүүс,  тэд буруу удирдаад, буруу зохион байгуулаад байна. Энэ бүхнээс болж бид зовж байна гэж хэлж байна. Ард түмэн доогуураа мянга зөв байх гээд ямар ч арга алга. Дээр байгаа хүмүүс нь бүх буруугаа ард түмэн рүү чихэж байна. “Та нарын сонгож байгаа царай”, Сонгуулиар та нар л гаргаж ирсэн шүү дээ” гээд тавлаад…тэгэхээр дээрээсээ зохион байгуулалт нь буруу байна. Эд нарт мэдээ, мэдрэмж өгье. Ойлгооч ээ, та нар гээд яриад хэлээд ойлгохгүй байгаа юм чинь одоо бид тэнгэрт мэдүүлж, яахыг тэнгэр мэдтүгэй гээд орхино.

-Хатуу хариу нэхэх бөөгийн зан үйл гэхээр хараал, жатга гэж буруу ойлгох хүн ч гарч бас мэдэх юм?

– Алив үйл хэргийг тэнгэрт мэдүүлж байгаа зан үйлийн талаар та бүхэн түүхэн зохиол, түүхээр бүтээсэн киноноос  уншиж, харж байсан байх. Чингис хаан гэхэд л үргэлж тэнгэртээ дуулгаж, мэдүүлж, шийдлийг олж байсан байдаг. Би түрүүн хэлсэн “Дээр байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглан байгалийн баялгийг хувьдаа завшиж, доор байгаа ард түмний амьдрал тартагтаа тулчихаад байхад үүнийг  төр нь дийлэхээ байсан, хууль, шүүхийн байгууллага нь ч шийдэж чадахаа байсан байна шүү дээ” гэж. Тиймээс бөө нар нэгдээд үүнийг  байгалийн хууль буюу тэнгэрт  мэдүүлье гэж байгаа юм. Бурууг зөв болгож засч залруулж өгөөч гэж өргөж мэдүүлнэ, тэнгэр хараг, шийдэг.  Өнөөдөр бодит байдлыг аваад үзэхэд, зохих хэмжээний албан тушаалтнууд ард түмнийхээ амьдрал дотор орохгүй, судлахгүй, юу болж байгааг нь мэдэхгүй байна шүү дээ. Гаргаж байгаа хууль шийдвэрүүд нь  бодит байдалд нийцэхгүй, амьдралд наалдахгүй байна. Үүнд нь өртөж байгаа ард иргэд улам ядуурч, маш хүнд байна. Байдаг байсан нь байхгүй болж, болдог байсан нь болохоо байгаад байна. гэр бүлийн байдал маш хүнд болсон. Аавууд нь үр хүүхдээ хаяад явж байна. Ээжүүд нь сэтгэл санагаар унаж архи ууж байна. Энэ хэцүү байдлаасаа үүдээд сэтгэлзүйн доройтолд орж байна. Ард түмэн банкны зээлд дарагдаж дарамтад орчихсон дандаа  сэтгэлзүйн доройтолтой. Орой болгон гэртээ ирээд шаналдаг, ийм хүн үр хүүхэд, гэр бүлийнхэнтэйгээ  ямар харилцаатай байх вэ. Зовлон, бэрхшээл, шаналал зовлон юунаас болж байна вэ гээд бид хайж байна шүү дээ. Энэ Бат гуай, Оюун гуай өөрөөсөө болоод байгаа юм уу гэтэл үгүй, төрөөс, дээр байгаа хүмүүсээс ирсэн дарамт  дандаа  төрийн буруу бодлого, тэнд шургалсан хүмүүсийн явцуу бодлоос болоод байна. Тэрэнд нь ард түмэн нэрвэгдэж сөхөрч цөхөрч зовж шаналаад ядарч ягтаа тулахаар нь та нар арчаагүйдээ энэ, та нар ажил хийгээч гээд байдаг. Ард түмнээ буруутгаад, хохь нь гэж тавлаад, сонголтоо буруу хийсэн гэсэн зүйл яриад байдаг. Өөрсдийнх нь дээд систем, боловсруулаад  гар өргөж батлаад гаргасан хууль нь амьдралд огт нийцэхгүй байна. Өдөр бүхэн ийм зовлон, шаналлын тухай бид сонсч байна. Ингээд тэсэхээ байгаад бүгд тэсэрч дэлбэрч байна  шүү дээ. Бид бөө  болсоных цааш юу хийх вэ. Хуяг өмсөөд бөөллөө , онгод оруулдаг боллоо. Олон түмэнд үйлчилж байна. Үйлчлээд байна, үйлчлээд байна, одоо  цааш яах вэ. Энэ ард түмэн чинь бүгд сэтгэлзүйн шоконд орчихсон байна.