Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр, 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нарыг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ”, “Дубайн гэрээ”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой зарим асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар урьдчилан саатуулах 461-р ангид нэг сарын хугацаатайгаар хорисон.

Олон жил маргаан дагуулсан дээрх төслүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг явуулахад хоёр Ерөнхий сайд голлох үүрэгтэй ажилласан нь ийнхүү торны цаана суулгах шалтгаан болсон юм.

Тэгвэл яллагдагчаар татан шалгагдаж байгаа эрхмүүдээс С.Баяр, Б.Ариунсан нарын бие муудсан талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа Цагдан хорих 461 дүгэ"эр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон. Хамгийн сүүлийн жишээнээс дурьдвал С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж  бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Б.Ариунсан тулуй, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн тэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа" гэжээ. 

Экс Ерөнхий сайдуудыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй.