Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” –д Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 16 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 20 гаруй олон улсын байгууллагаас нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байна.

Оролцогч улс орнууд 2016 онд Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагналаа.

Монгол Улсын хувьд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг батлагдснаас хойш гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү шилжиж, гамшгаас хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшийн эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо руу шилжих явцыг удирдлагаар ханган ажиллах, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа юм.

Түүнчлэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орон болоод байна.

Хуралдаан бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй асуудлууд, түүний явц, ололт амжилтын талаарх нэгдсэн хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.