Бурууг бусад руу чихэж зөвийг өөрсөддөө өмчлөх чадвартай хүн л энэ нийгэмд хөл алдахгүй. Өнөөдөр би ажлаасаа хоцорсон нь миний буруу биш.

Товлосон цагтаа дуугарч намайг сэрээгээгүй сэрүүлгийн буруу. Яараад байхад явдаггүй таксины жолооч бас замын түгжрэлийн буруу. Замын хөдөлгөөнийг зохицуулж чадахгүй байгаа замын цагдаагийн буруу ч байгаа.

Цаашилбал дөрвөн уулын дундах алга дарам газарт нэг сая, олон зуун мянгуулаа шахцалдан амьдардаг нийслэлчүүдийн буруу. Улаанбаатар хотын шавыг энд анх тавьсан хүний буруу ч байгаа л байх. Энэ мэтчилэн яриад байвал миний хоцорсонд буруутай хүн их бий. Буруугаа бусдад нялзааж чадаж байвал тэр хүний түмэн зөв. Харин чадахгүй бол ёстой жинхэнэ буруу.

Буруу гэснээс саяхан нэг улстөрч зурагтаар “100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс болж олон хүн хохирсон нь өмнөх засгийн газрын буруу” гэж ярьж гарав. Энэ засгийн үед “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон нь тэр улстөрчийн эсвэл Засгийн газрын буруу биш. Зөвхөн энэ засгаас өмнөх бүр түүнээс өмнөх засгийн газруудын л буруу. Өмнөх Засгийн газрыг буруу бодлого явуулж байгааг нь мэдсээр байж дуугуй суусан сэтгүүлчдийн эсвэл үл бүтэх нөхрийг төрийн толгойд гаргасан сонгогчид буруутай байх.

Гэтэл өөр нэг улстөрч “100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа энэ засгийн буруу” гэх юм. Засгийн газраас болж л хүмүүс өлсгөлөн зарлаж байгаа юм байх. Хэний ч буруу байж болно. Гол нь улстөрчийн буруу л лав биш. Бас сүүлийн хоёр Засгийн газрын буруу биш бүр өмнөх засгийн буруу байгаа болов уу.

Ер нь хэн ч буруутаж болно. Харин тэр буруутай хүн нь би л биш. Би муу зүйл хийсэн байж болно. Гэхдээ энэ нь би буруутай гэсэн үг биш. Би мөнгө улсын мөнгө завшсан байж болно. Тэглээ гээд бас л би буруугүй. Учир нь би өөрийгөө буруугүйг нотолж чадна. Ер нь тэгээд буруу бүхэн минийх биш бусдынх л байх ёстой.