“Оюунлаг” бүрэн дунд сургуулийн дэргэдэх “ОЮУНЛАГ БИЙР” уран зургийн дугуйлангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” арт галерейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн эхний өдөр л бяцхан авьяастнуудын маань дотоод сэтгэл, ер бусын гайхамшигтай ертөнцөөр аялахыг хүссэн хүүхэд багачууд, эцэг эх, үзэгчдийн хөл хөдөлгөөн тасарсангүй. Оюунлаг сургуулийн олон зуун авьяастнуудын төлөөлөл, нүүр царай болсон эдгээр бяцхан зураачдын маань дотоод сэтгэл, сэтгэлгээний цар хүрээг илэрхийлсэн олон шилдэг бүтээл энд тавигдсан нь тус үзэсгэлэнгийн чансааг илтгэж байна. 

Манай сургуулийн чадварлаг, залуу багш Д.Сандүйн гурав дахь жилдээ удирдан явуулж буй “Оюунлаг бийр” дугуйлангийн сурагчдын амжилтаас дурдвал: Олон Улсын хоёр, Улсын чанартай долоо, нийслэлийн 20,дүүргийн чанартай гурав түүнчлэн бусад нэрэмжит уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож Аваргын цом таван удаа,

Багийн тэргүүн байр 16 удаа, Алтан медалв 94, Мөнгөн медаль 98, Хүрэл медаль 71, тусгай байрын шагнал 67 нийт 160-аад сурагч амжилт үзүүлжээ. Энэ бүхэн авьяаслаг бяцхан сурагчдын маань хичээл зүтгэл,нөр их хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээний илрэл бөгөөд шавь нарынхаа дотоод сэтгэл, урлагийн торгон мэдрэмжийг нээн, хөгжүүлж, авьяас билгийг нь хурцалж буй хүүхдийн төлөө чин сэтгэлээ зориулж ажилладаг багшийн маань бахархахгүй байхын аргагүй бахдам амжилт билээ.

Тус үзэсгэлэн нь энэ сарын 18-23-ныг хүртэл Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “Орд” арт галерейд үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй. Та бүхнийг хүрэлцэн ирж, шимтэн сонирхохыг урьж байна