Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтуудаас хамгийн сонирхолтой “Гал гарсан” тоглолт хоёр дахь өдрийн буюу /06.15/ баасан гарагийн шөнийн 02 цагаас ОХУ-ын Сочи хотын “Фишт” цэнгэлдэхэд эхэлсэн Испани-Португал улсын шигшээ багийн халз тулаан байсан бөгөөд тэд 3:3-аар тэнцлээ.

Энэ тоглолтод 33 настай Криштиано Роналдо дош Сантош Авейро дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч гэдгээ харуулж, тун чадварлаг, дайчин тоглож 3 гоол оруулж хамгийн шилдэг нь гэдгээ батлан харууллаа. Харин 29 настай Испанийн довтлогч Диего Коста хоёр гоол оруулсан юм.

Дэлхий дахиныг догдлуулсан Испани-Португалын халз тулаанд Роналдо гоолын салхийг хагалж 4 дэх минутад торгуулийн цохилтоор анхны гоолыг хийж улмаар 44, 88 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалганд дахин 2 гоол хийсэн бол Диего Коста 24, 55 дахь минутад, Начо Фернандо 58 минутад тус тус Португалын хаалганд бөмбөг оруулсан юм.

Португалийн багийн ахлагч Криштиано Роналдо хөлбөмбөгийн түүхэнд дөрвөн ДАШТ дараалан гоол оруулсан дөрөв дэх хөлбөмбөгч боллоо. Тэрбээр 2006, 2010,2014 оны ДАШТ -д тус тус гоол оруулсан. Уг амжилтыг хөлбөмбөгийн хаан Пеле, Германы хөлбөмбөгч Уве Зеелер, Мирослав Клозе нар үзүүлж байжээ.

Сочид болсон энэ удаагийн тоглолтыг ОХУ-ын Ерөнхий сайд А.Медведев, Испанийн Элчин сайд Рубио , Краснодарын хязгаарын захирагч В.Кондратьев болон ФИФА-ийн босс Ж.Инфантино, Испанийн домог Хави, Португалын домог Нуну Гомеш, ОХУ-д болж буй 2018 оны ДАШТ-ий ЗБХ -ны дарга А.Сорокин нар тэргүүтэй хүндтэй зочид үзсэн юм.

Энэхүү гал гарсан тоглолтыг үзүүлсэн хоёр багийн амжилтуудыг сонирхуулбал, Испанийн шигшээ баг 1934 оноос ДАШТ-д оролцсон. 2010 оны дэлхийн аварга. Европын гурван удаагийн аварга /1964, 2008, 2012/, 1984 оны мөнгөн медальт. FIFA Confederations Cup тэмцээний мөнгө /2013/, хүрэл /2009/ медальтай. 1992 оны олимпийн аварга. 1920, 2000 оны олимпийн мөнгөн медальтай.

Португалын шигшээ багийн хувьд 1966 оноос ДАШТ-д оролцож, 1966 онд хүрэл медаль хүртсэн. Европын АШТ-ий 2016 оны аварга. 2004 онд мөнгөн медаль, 1984, 2000, 2012 оны хүрэл медальтай билээ.