​УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хууль буюу “Давхар дээл”-ийн талаарх асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны үеэр гишүүд энэ асуудлыг хэлэлцэх нь зөв гэдэг дээр санал нэг байсан ч хэрэгжүүлж эхлэх хугацааны хувьд санал зөрөлдсөн юм.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА ХОЙШЛУУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ

“Яг яагаад хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулаад байгаа юм. Гол үндэслэл нь юу вэ” гэсэн асуулт тавьсан юм.  Байнгын хорооны гишүүн А.Бакей “Гүйцэтгэх засаглал нь тогтвортой ажиллах нь улс орны эрх ашигтай шууд холбоотой. Хууль тогтоох гүйцэтгэх байгууллагын эрх мэдлийн асуудал байгаа. Засгийн газрын бүх гишүүн биш тодорхой тооны гишүүд нь УИХ-ын гишүүд байж болохыг байнгын хорооны олонхын саналаар дэмжсэн. Ер нь засгийн газрын тогтвортой байдлыг бодсон учраас л 2016 оноос хэрэгжүүлэх санал гарсан” гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн М.Энхболд: “ДАВХАР ДЭЭЛТНҮҮДИЙГ” ДАВРААХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА

Хэлэлцэж байгаа асуудал бол манай улсын  хувьд ардчилал хэр төвшинд байгааг харуулж байгаа хэрэг. Хуулиар далимдуулж Засгийн газрыг унагаах гэсэн асуудал огт байхгүй. Гэтэл энэ асуудлыг л гишүүд хэдэн талаас нь яриад байх юм. Ер нь бидний энэхүү хэлэлцэж байгаа асуудал бол шууд ухамсрын асуудал шүү дээ. Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайд бол гэж байхад ашиг сонирхлын зөрчилтэй гээд татгалзаж байсан. Энэ мэт манай намынхан заавал хууль энэ тэр гэж байхаар ухамсраараа шийдэх боломжтой. Заавал 2016 он гээд хоёр жил “давхар дээл”-тнүүдийг давраах ямар ч шаардлагагүй. Заавал 2016 онд хэрэгжүүлэх юм бол өнөөдөр хэлэлцэх хэрэггүй гэв.

 

УИХ-ын гишүүн Гончигдорж: 2016 ОНООС ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ НАМУУДАД БОЛОМЖ ОЛГОНО

2016 оны сонгуулийн дараа хууль хэрэгжүүлэх гэдэг нь хариуцлагатай улс төрийн намуудад асуудлаа цэгцлэх хугацаа өгч байна шүү. Намууд хэнийгээ УИХ-д нэр дэвшүүлж, хэнийг сайд болгоно гэж үлдээх вэ гэдгээ бодолцох боломж өгнө шүү дээ” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болохгүй байх тухай хуулийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс гэсэн бол зарим гишүүд батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой гэж буй юм. Ардчилсан намын бүлгээс уг хуулийн хэрэгжүүлэх хугацааны талаар ирэх сонгуулийн дараанаас мөрдөгдөх ёстой гэх нэгдсэн байр суурьтай байгаа ч зарим гишүүн батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх ёстой гэж буй тул ойлголтоо нэгтгэхээр ийнхүү завсарлага авч буй бололтой.

Н.БААСАНДЭМБЭРЭЛ