​Би энэ сайтаас өөрийнхөө амьдралд хэрэгтэй бүхий л зөвлөгөөнүүдийг авдаг. Надад энэ сайт маш их таалагддаг. Тиймээс ч өнөөдөр өөрийнхөө туулж яваа хэцүү бөгөөд хүнд хувь тавилангаа та бүхэнтэй хуваалцаж, зөвлөгөө авахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Би одоо 35 настай. Нөхөртэй, 3 настай ганц хүүхэдтэй. Гэрлээд 10 жил болж байна. 25 нас хүртэл гялалзсан, эрчүүдийн нүд хужирласан бүсгүй явлаа. Зөвхөн нөхөр болох залуудаа л охин насаа өгнө хэмээн 25 нас хүртэл онгон явлаа. Тэгтэл нэг залуутай дотно танилцаад суухаар шийдээд хуримын өмнө унтахаар болов. Тэр залуу намайг хуурчих гээд байгаа юм шиг санагдаад тэр шөнө арай унтчихсангүй. Гэхдээ тэр үрийн шингэнээ миний эрхтэний тэнд гаргасан байсан. Дараа нь хэд хоногийн дараа тэр залуу зүгээр л миний онгоныг авах санаатай үерхсэн нь тодорхой болов. Тэгээд бид 2 үерхэхээ болчихлоо.

Тэгсэн чинь сарын дараа гэнэт миний дотор мухайраад, бие маань нэг л эвгүй байлаа. Ходоод цөс элэг гээд бүгдийг нь үзүүллээ эрүүл гэнэ. Сүүлд нь нэг эмч жирэмсэн байна гэж хэлсэн. Сонсонгуутаа ухаан алдаж унах шахсан. Юу вэ нөгөө харамлаад байсан онгон хальс, одоо бүүр жирэмсэн болчихож. Би үнэхээр хүнтэй унтаагүй байсан. Энэ талаар эмч сонсоод орон дээр гаргаж үзээд онгон хэвээрээ байна, гэхдээ ийм тохиолдол ховор үзэгддэг гэж хэлсэн. Би бүр балмагдаад шоконд орсон. Хүүхдийг төрүүлэх ямар ч боломжгүй. Эцэг болох залууд нь хэлье гэсэн ч тэр унтаагүй юм чинь миний хүүхэд биш гэж дайрахыг мэдэж байlаа. Тэр их ааш муутай залуу байсан. Тэгээд үр хөндүүлэхээр шийдлээ. Ингээд охин насаа эмчийн гарт үдсэндээ. Ямар аймаар өвдснийг бурхан мэднэ байх. Би их зовж байж үр хөндүүлсэн юм. Дараа нь 2 сарын дараа одоогийн нөхөртөө танилцаад жил гаруй үерхэж байгаад гэр бүл болсон. Нөхөр маань надад хайртай ч онгон байгаагүйд минь ихэд сэтгэл дундуур явдаг байсныг мэдсэн. Гэрлээд 3 жил болоход бид хоёрт хүүхэд олдохгүй байлаа. Хамаг бурууг өөрөөсөө хайдаг байв.

Үр хөндүүлснээс болоод жирэмслэхгүй байна даа гээд нууцхан санааширч явлаа. Дараа нь бид 2 эмчид үзүүлээд би эрүүл гараад нөхөр маань үргүй болох нь тогтоогдов. Ингээд хүслэнгийн хяслан гэгчээр болов. Нөхөр ажилгүй, архи уудаг, агсам тавьдаг боллоо. Намайг бүүр элдэв үгээр доромжилно, үсдэнэ, зодно. Энэ бүгдэд өөрийгөө буруутгаад дээрээс нь миний хань юм хойно гээд тэр болгоныг уучилж тэвчээртэй хандаж байв. Дараа нь энэ бүх юм үр хүүхэдгүйгээс болж байгаа байх гэж бодож хоёулаа зөвшилцөөд хүүхэд өргөж авсан. Яасан хөөрхөн гээч. Бид 2 хоёулаа түүнд амь шүү дээ. Гэвч түүний нөгөө архи уух, агсам тавих, дарамтлах, зодох нь бүгд хэвээрээ үргэлжилсээр. Хүүхэд маань одоо түүнд дургүй болсон. Хүүхдэд муу зан сургасаар л. Засрах шинжгүй. Бүүр давраад одоо нууц амрагтай болчихсон байна. Би түүнийг хэд хэдэн удаа барьсан. Өөрөө хүлээн зөвшөөрөөд байгаа мөртлөө болихгүй юм.

Би одоо түүнд ямар ч сэтгэлгүй болсноо мэдэрсэн. Ямар их үзэн яддаг гээч. Үнэхээр дургүй шүү. Зөвхөн хүүхдээ л боддог. Түүний хүн тэвчишгүй хууралт, дарамт, доромжлолыг нь тэсэлгүй хэд хэдэн удаа амиа егүүтгэхээр ч оролдсон. Гэвч хоёр нүдэнд хүүхэд минь харагдаад болдоггүй. Намайг битгий орхиоч гээд уйлаад байгаа мэт чихэнд сонсогдоно. Нөхөр одоо 7 хоногийн 4-5 хоногт нь архи уудаг, агсам тавьдаг, доромжилдог, зоддог хэвээр. Бас намайг араар тавьдаг. Бид 2 сексийг бараг мартаж байна даа. Салъя гэхээр заримдаа салахгүй гээд заримдаа салбал хүүхдээ чамд өгөхгүй гэнэ. Би ч түүнд дургүй. Би ч өөрөө боломжийн цалинтай, төрийн албан хаагч. Царай зүсээрээ хэнд ч гологдохооргүй соёлтой, аминдаа арчаатай, боловсон эмэгтэй.

Харин одоо би яах вэ? Ийм нэгэн хатуу хувь тавиланг туулаад яваад байх уу? Эсвэл салаад явах уу яах вэ? Надад зөвлөн туслаач. Би маш их ядарч байна.