Америкийн нэгдсэн улсын Аламедиа хотод эл үйл явдал болж өнгөрчээ. 13-14 настай Б.Ариун-Учрал, Б.Жаргалмаа, Бат-Очирын Лхагвадорж нар ээжүүдийн хамт усан бассейнд байв.

Гэтэл нэг эрэгтэй усан бассейны хашлаганаас зуурчихаад “Тэнд хүн живж байна. Авраарай” хэмээн орилжээ. Хүүхдүүдийн ээжүүд эхлээд тэр хүнийг тоглож байна гэж бодсон гэдэг. Гэтэл орилж байсан хүний царайны хувирал нэг л биш, доош хартал бассейны ёроолд нэг хар юм харагдахад усанд хүүхдүүд нэг нэгээрээ ээжүүдийгээ “хүүе” гэхийн завдалгүй үсрэн орлоо.

Тэд гар гараасаа гинжин холбоо үүсгэж, ёроолд живсэн эмэгтэйг татан гаргах зуур Б.Ариун-Учралын ээж П.Сарнай түргэн тусламж дуудаж самбаачлав. Ёроолд живсэн эмэгтэйг гаргаж ирэхэд тэнд байсан хүмүүс хиймэл амьсгаа хийх зэргээр бүх л арга чаргаа хэрэглэхийн зэрэгцээ эмч нар ч ирлээ.

Ийнхүү монгол хүүхдүүд 1993 онд төрсөн нутаг нэгтнийхээ амийг аварлаа. Эмэгтэй одоогоор Аламедиа хотын эмнэлэгт хэвтэж байна. Уушиг нь усаар дүүрсэн учир эмчилгээ хийж байгаа аж. Хүн усанд живэхэд ердөө 150 грамм ус ороход дийлдэггүй атал коланы савны хэмжээтэй усаар дүүрээд амьд мэнд байгаа явдалд эмнэлгийнхэн баярлаж байгаагаа эмэгтэйд мэдэгджээ. Усанд живэнгүүт тархины үйл ажиллагаа шууд алдагддаг тул тэрхэн зуур ухаан алдсанаа бүүр түүрхэн санаж байна гэж ярьжээ.

Тэрбээр алтан амийг нь аварсан хүүхдүүдэд баярлаж талархсанаа илэрхийлсэн байна. Монголоос очоод дөрөвхөн сар болж байгаа, тэнд садан төрөлгүй бүсгүйн амь ийнхүү хүн чанартай, овсгоо самбаатай хүүхдүүдийн хүчээр аврагджээ. Том хүмүүс ч зүрхшээгээд орж чадахгүй байсан усан бассейны ёроолоос хүүхдүүд эрсдлийг үл тоон эрдэнэт хүний амь аварсан явдал талархууштай.