Энэ хүүг Брэдли Ловэри гэдэг. Тэр хорвоод ирээд 20 сарын дараа neuroblastoma буюу мэдрэлийн эсийн дутмагшлын хавдартай гэсэн хүнд онош сонссон юм. Гэсэн ч Брэдли өнөөдрийг хүртэл 4 жил хагасын турш хүнд өвчнийхөө эсрэг тэмцэж иржээ. Тэр байтугай 2 жил химийн эмчилгээ хийлгэсний дараагаар эдгэрч, 18 сарын хугацаанд "Эрүүл хүү"-гийн амьдралаар амьдарсан байна. Гэсэн хэдий  ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Брэдли өнөөдөр хорвоог орхижээ.

Ердөө зургаахан жил амьдарсан ч энэ хугацаанд олон зүйлийг дэлхий дахинд, спорт сонирхогчдод тэр дундаа хөлбөмбөгийн дэмжигчдэд ойлгуулсан юм.

Английн Сандерланд клубын дэмжигч Брэдли 2016 оны 9-р сард мөрөөдлөө биелүүлж, Английн Премьер лигийн хүрээнд Эвертон клубын эсрэг Сандерландын ахлагч Жермэйн Дефогоор хөтлүүлэн талбайд гарч, цэнгэлдэхэд цугласан дэмжигчид түүнд зориулж нэг минут алга ташсан юм. Түүнд зориулсан "Цор ганц Брэдли Ловэри" гэсэн дууг Сандерландын дэмжигчид гаргасан билээ. 

Хамгийн гол нь түүний хүнд өвчнийхөө эсрэг тэмцэхийн төлөөх "Брэдлигийн тэмцэл" хэмээх хандивын аянд 1 сая гаруй доллар цугларчээ. Өнөөдөр энэ мөнгөөр түүн шиг өвчнөөр шаналж, зовж буй олон хүүхдүүд эмчллүүлсээр байгаа аж. 

Тэр Жэрмэйн Дефогоор хөтлүүлэн Английн шигшээ багийн тоглолтонд маскотоор оролцсон юм. Тэрээр цэнгэлдэхэд цугласан 40,000 хүнээр өөрийнхөө дууг дуулуулжээ. Брэдли Ловэри өөрийнхөө насыг уртасгаагүй ч бусдын насыг уртасгасан хандивын аяныг эхлүүлж чадсан юм. Түүнд зул сарын баяраар 250,000 гараар бичсэн захидал ирсэн байна. Тэр спорт сонирхогчдод эв нэгдлийг илгээсэн. Тэр амьдрах, хайрлах, ухаарах, оршихуйн тухай сануулсан юм.

60-аад жил амьдраад хэнд ч юуг ч ухааруулж чадаагүй хүн байхад 6 жил амьдрахдаа 6 тэрбум хүнд олныг ойлгуулсан Брэдли Ловэри хүүгээр бахархахгүй байх аргагүй юм. 

"Гүн нойрс доо хүү минь, сахиусан тэнгэрүүдтэй хамт хөх тэнгэрт дүүлэн нис"