Зэс. Уг металлыг 10 мянган жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн гэдэг. Хүн төрөлхтний түүхэнд чухал үүрэгтэй зэсийг орлох, түүнтэй зэрэгцэх элемент алга.

Тиймээс дэлхийн эдийн засаг зэсийн өмнө гэдийж бус бөхийж ирсэн. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын зах зээлд алтны дараа эрэмбэлэгдэх зэсийг  хүндэтгэх шалтгаан нь энэ. Түүний ханшийн хэлбэлзэл бүхэл бүтэн улс үндэстний орлогод нөлөөлж, ДНБ-ий өсөлт хасах үзүүлэлттэй гарахад ч нэрмээс болж мэдэхээр эрх мэдэлтэй хэвээр буй. Зөвхөн зэсийн үнийг харж, түүний уналт, сэргэн мандалтыг тахин шүтэж ирсэн орны нэг бол манайх. Төсөв нь зэс, зэс нь улсын амьжиргааны баталгаажих түвшинг илэрхийлж, өнгөрсөн зуунаас өнөөдрийн босгоор алхуулсан. Тиймээс Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өмнө монголчууд өртэй гэж хэлж болохоор. Өргүй байсан ч талархаж болохуйц хүндлэлтэй. Түүний хэвлийд буй зэсийн баяжмал орчин цагийн Монголын эдийн засгийн тулах цэг болсныг мартаж болохгүй. Цаашдаа ч зэсийн Монголын эдийн засагт авчрах шинэчлэл нэгэн зуунаар төгсөхгүй нь мэдээж. Дэлхийн зэсийн нийлүүлэлтэд Монгол Улс яаж оролцох нь улам бүр сонирхолтой болж байна.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй манай дэлхийн төрөл садан, түүнийг хэрэгцээг хангах үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн хэрэгцээнд зэс багтаж байна. Өөрөөр хэлбэл, зэсээс өөр сонголт, түүнээс илүү гарсан шийдэл бидэнд үлдсэнгүй. Түүнд автаж бас ховсдуулж буй дэлхийн хэрэгцээг яаж аргамжиж болох билээ. Цаг мөч бүхэнд шинийг бид хүсэж буй учраас зэс “од” хэвээр үлдэх нь дамжиггүй. Тухайлбал, машин үйлдвэрлэхэд ойролцоогоор 25 кг зэс ордог гэсэн үйлдвэрлэлийн судалгаа бий.

Урд хөршийн эдийн засгийн өсөлт зэсийн эрэлтэд нааштай нөлөөлөх нь гарцаагүй. Хэрэв БНХАУ-ын эдийн засаг энэ онд зургаан хувиар өснө гэж тооцвол дэлхийн зэсийн эрэлт гурван хувь, нийлүүлэлт мөн адил хэмжээгээр өсөх хар зураг гарчээ. Тэд үйлдвэрлэж, бид хэрэглэж буй өнөө цагт зэсийн гол хэрэглэгч өмнөд хөрш байна гэсэн таамаг хэзээ ч бүдгэрэхгүй нь. Эсрэгээрээ нотлох мянга мянган шалтгааныг Хятад “үйлдвэрлэх” биз.

Зэсийн үнийн өсөлтөд зөвхөн Хятад нөлөөлөөд зогсохгүй Энэтхэг ч мөн адил ижил тэнцүү үүрэгтэй оролцох болсон. Евро бүсийн эдийн засаг сэргэж эхэлнэ гэвэл зэсийн эрэлт 4.7 хувь нэмэгдэх тооцоолол гарчээ. Энэ нь зах зээлд 56 мянган тонн зэсийн хомсдол үүсгэхийн зэрэгцээ тонн зэсийн үнийг 8456 ам.долларт аваачих “алтан” боломж аж. Манай дэлхий жилд 15 сая тонн зэс ашиглаж байна гэсэн “Рин Тинто” компанийн судалгаа бий. Түүний багахан хувийг Монгол Улс нийлүүлж байна. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нь зэс. Нийт экспортын орлогын 38.1 хувийг зэс дангаар бүрдүүлэхийн зэрэгцээ төсвийн ачааг үүрэлцэж байна.  Үүнээс 37.1 хувь нь зэсийн баяжмал бол үлдэж буй нэг хувь нь сайжруулсан зэс болон зэсээр хийсэн бүтээгдэхүүн.

Монгол Улс жилд ойролцоогоор 130 мянган тонн зэс олборлож буй бөгөөд энэ нь дэлхийн нийт зэсийн нийлүүлэлтийн 0.9 хувийг бүрдүүлэх хэмжээ. Оюутолгой төслийн олборлолт эхэлснээр энэ тоо 500 мянган тонноор нэмэгдэх аж. Энэ нь дэлхийн нийт зэсийн нийлүүлэлтийн дөрвөн хувьтай тэнцэх юм байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зэсийн зах зээлийн нийлүүлэлтийн дөрвөн хувийг Монгол Улс эзэмшинэ гэсэн үг. Хэмжээнийхээ хэрээр зах зээлд оролцож, нэр нөлөөгөө тогтоогоод зогсохгүй зах зээлээ баталгаажуулах, шинэ зах зээлд шинэ үнэ тогтоох боломж эрэлхийлэх итгэл найдвар сэргэнэ гэсэн үг. Урьд нь зэсээс олж байгаагүй ашиг олох найдварыг Оюутолгой төсөл ч бататгаж байна.

Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ байнгын савлагаатай явж ирсэн. Түүнд итгэж бас үл итгэж болохоор мөнхийн хөдөлгөөнд оршин буй. Өсөлт, уналт, дахин сэргэлт бас бууралт. Гэхдээ л ханшийн муруй таамаг эвдсэнгүй. Зэс хэмээх металлын “амьдрах” хэмнэл ийм. Бидний хамгийн сайн мэдэх атлаа мэддэггүй урд хөрш шинэ хөгжлийн гараан дээр ирээд буй. Энэ нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хот байгуулалтын эрчимтэй үе юм. Түүний тооллыг 2015-2020 онд тохионо гэж шар зурхайд бичээгүй ч төрийн бодлогод багтаажээ. Тиймээс 2015-2020 онд өрнөх урд хөршийн бүтээн байгуулалт дэлхийн зэсийн зах зээлд шинэ үнийг тогтоож мэдэхээр байна. Энэ үед зэсийн хэрэглээ дээд хэмжээндээ хүрч, жил 7.2 сая тонн хүрэхээр байгаа аж.

Өөдрөг төсөөлөл, бүтээн байгуулалт, үнийн “оргил цаг” аль, аль нь зэрэгцэж таарах нь. Үүнд Монгол Улс бэлэн үү. БНХАУ-ын зэсийн зах зээлд Чили, Энэтхэг нөлөөгөө тогтоох гэж үзнэ. Гэхдээ бидэнд давуу тал бий. Энэ нь газарзүйн байршил. Дээр өгүүлсэн хэнд ч байхгүй таатай нөхцөл. Гэвч дэд бүтцийн сул хөгжил биднийг зэсийн тойргоос гадна үлдээж мэдэх юм. Зэсийн үнэ байнга өөрчлөгдөж байна. Бидний зүрхний хэмнэл, судасны лугшилт шиг эдийн засагт мэдрэгдэх болсон. Үнийн хэлбэлзэл нь айдас, алтан боломжийг дагуулсаар. Гэсэн ч сүүлийн 110 жилийн хугацаанд зэсийн үнэ өссөөр ирсэн байдаг. Түүний хэлбэлзэл хэсэгхэн зуурын “шок” болох ч эдийн засагт илбийн гэмээр өөрчлөлт, шинэчлэлт авчирч байсан. Түүнийг үгүйсгэх аргагүй.  2004 онд зэсийн үнэ 42.9 хувиар өсч, нэг тонн зэс 3145 ам.долларт хүрч байсан үеийг та санаж байна уу. Дөнгөж өнөөдрийн өсөлтийн гараа шүү дээ.

“Fortis” фирмийн судлаач Роберт Баскины үзэж буйгаар 2008-2012 онд зэсийн ханшийн хэлбэлзэл 4500-6500 ам.долларын хооронд байна гэсэн нь бараг л биелэлээ олсон. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өөдрөг байлаа. Түүний хэлсэн тооноос давсан үнээр Монгол Улс зэсийн баяжмалаа борлуулж чадсан. 2020 он гэхэд дэлхийн зах зээлд 2.5 сая тоннын зэсийн хомсдол үүснэ гэсэн таамаг бий. Түүнчлэн дэлхийн боловсруулсан зэсийн нийт эрэлт хэрэгцээ долоон жилийн дараа 40 хувиар буюу 27 сая тонн хүртэл өснө гэж “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрэй онцолсон.

Дэлхийд үйлдвэрлэсэн зэсийн тэн хагасыг Ази тивийн орнууд хэрэглэж байна. Үүнээс Хятад дангаараа 21 хувийг хэрэглэж байгаа бол цэвэршүүлсэн зэсийн 41 хувийг АНУ, Япон, Солонгос, Герман, Итали, Орос хувааж хэрэглэх болсон. Манай улсын хувьд дэлхийн зэсийн нөөцийн 10 хувийг эзлэх боломж бүрдсэн. Энэ нь Оюутолгой, Эрдэнэтийг нийлүүлж тооцоод үзэхэд бидэнд бэлээхэн 40 сая тонн зэс газрын хөрсөнд ил болон далд булаатай байна. 40 сая тонн зэсийн нөөц нь дэлхийд дэвжээнд Монголыг “начин” болгосон гэж зүйрлэж болмоор.

АНУ-ын геологийн албанаас гаргасан судалгаагаар дэлхийн 95 орны зэсийн баялагийг 650 сая тонн гэж үнэлсэн байдаг. Түүнд итгэхээс илүүтэй баримжаа авч болохоор. 2025 он гэхэд урд хөршид 4-5 сая шинэ барилга байшин барьсан байхаар төлөвлөжээ. Энэ нь 50 мянган тэнгэр баганадсан өндөр барилгын хэмжээнд буюу Нью-Йорктой дүйцэх арван хот барихтай тэнцэх аж. Шинэ Хятад зэсийн зах зээлд 2.5 сая тоннын зэсийн хомсдол үүсгэх таамаг биелэлээ олоход ойртсоор. Түүнд Монгол Улс хэрхэн, ямар байр суурьтай оролцох бол. Оюутолгойн зэсийн баяжмалаа хэчнээн ам.доллараар арилжаалах эсэх нь анхаарал татсан хэвээр байна. Урд хөршид ашигт малтмалын эрэлт хэрэгцээ, эдийн засгийн тамир тэнхээ бий. Тэдэнд  мөнгө биш зэс сонирхолтой. Тиймээс дэлхийн зах зээлд буй зэсийн байр суурь ганхахгүй байх магадлал туйлаас өндөр хэвээр. Түүнээс ямар ашиг  авч болох эсэхийг монгол ухаан шийдэх л үлдлээ.

 

Б.Баяртогтох