Зуны цаг зугаатай бас найр наадам олонтой. Сайхаан. Бүлээрээ бүгдээрээ амраад л...Сая болсон Улсын баяр наадмаас хойш хөдөөгийн замд машин олон бөглөрч таглараад байгаа.

Бас бороо хур, үеэр ус элбэгтэй болохоор энд тэнд гамшиг тохиолдлоо гэх мэдээ өдөр бүр сонсогдож байна. Баян-Өлгийд, Төв аймгийн Борнуур, Сүхбаатар аймагт гайтай их бороо орж үерийн улмаас олон айл өрх орон гэргүй болж гэнэ. Гэтэл энэ мэдээг хэн хайхарч байна вэ. Сайн л бол тухайн аймаг, сумын тойргоос сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд амралт, наадмын чөлөөгөөр тэнд үзэгдэж өнгөрөх төдий. Ёстой л нэг амар сайхандаа жаргаж байх шиг. Уг нь ажил амралт огт тасрахгүй л буцалж байх учиртай байм. Гэтэл тийм биш. Төрийн ордноор орвол жинхэнэ ажин түжин. Өнгөрсөн лхагва гаригт тэнд юу ч болсонгүй. Засгийн газар хуралдах хуваарьтай гэдэг.

Сайдууд нь амарч наадамлаад явчихсан гээд хуралдсангүй. Цөхсөн Ерөнхий сайд гадаадын нэг урлагийн хамтлагыг хүлээж авч ажил хийсэн дүртэй өнгөрөөв дөө. Наадмын дараа намар гэдэг байсан. Одоо наадмын дараа наадам гэх болсон шиг санагдана. Хаа сайгүй тохиолдоод байгаа үеэр усны асуудал Засгийн газарт хамаагүй юм уу. Ердөө Онцгой байдлынхан л ярьж мэдээлж, ажилласан дүр үзүүлж байх шиг. Шадар сайдаасаа эхлээд хэд хэдээрээ гадаадад аялж яваа сурагтай. Зарим нь хөдөө найр наадам эргүүлж яваа юм байх. Тиймээс нөгөө УИХ шигээ ирцгүй гээд Засгийн газар хуралдсангүй шалтаг тэр болов. Бас наадам далимдуулаад шатахууны үнэ нэмэгдээд иргэд бухимдангуй байгаа. Унаа машины хөлс, дэлгүүрийн зарим барааны үнэ чимээгүйхэн өсч буй.

Үүнийг сайд, дарга нар биеэрээ мэдрэхгүй ч олон түмний ярианаас сонсмоор л юм. Шатахууны үнийг ойр ойрхон нэмж байгаа нь шатахуун импорлогчдоос Засгийн газарт үзүүлж байгаа шахалт гэж ойлгогдож байгаа. Тэд үнэ нэмэх шалтгаанаа ам.долларын ханш өссөн, гадны нийлүүлэгчид үнийг нэмсэн тиймээс бид алдагдалтай ажиллаж байгаа гэж тайлбарладаг юм билээ. Тэгэхлээр нь Засгийн газар "бууж өгч" шатахуун импортлогч компаниудад тал зассан арга хэмжээ авдаг. Өмнө нь хилээр орж ирэх шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Тэгвэл одоо дураараа дургигч компаниудынхаа өмнө "хоёр гараа өргөөд" зогсож байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэргэд үнийн зөвлөл гэдэг ор нэрийн төдий байгууллага бий.

Тэр нь ч ажилладаггүй. Хааяа зөвлөлөө хуралдуулъя гэхээр уг зөвлөлд багтдаг шатахуун импортлогчдын төлөөлөл нь тоож ирэхийг байсан. Сүүлийн үед бараг "хуцваа" гээд сууж байдаг болсон. Сураг сонсвол сая наадмын босгонд шатахууны үнийг нэмсэн шалтгааныг судалж байгаа гэх юм. Юуг нь судалдаг байнаа. Засгийн газар шатахуун импортлогчдоо дуранд нь тавьчихсан учир одоо "буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг шиг бүр хүний сэтгэлээр хандаж байна. Үнийн зөвлөл компаниудад бичиг явуулсан хариу хүлээж суугаа юм билээ. Мөн хариу ирүүлж харагдаач. Ирэх наймдугаар сард үнийн зөвлөл хуралдана гэдэг ч юу л бол.

Петровис, Магнай трэйд, Шунхлай зэрэг толгой компаниуд АИ-92 автобензины үнийг 70-90 төгрөгөөр нэмчихсэн. Эдгээр компаниуд үгсэн хуйвалдаж наадам баяр, сар шинэ болон далимыг тааруулан шатахууны үнийг нэмдэг нэг өвөрмөц аргатай болж. Засгийн газар өнгөрсөн оны сүүлчээс эхлээд газрын тосны үйлдвэр барих тухай ярьж эхэлсэн үеэс шатахуун импортлогчид дургүйцлээ илэрхийлж байгаа юм байх. Үнэ өсгөхдөө тун шаргуу болов.

Зургадугаар сарын эхээр Дорноговийн Алтанширээд үйлдвэрийн шав тавьсны дараа Засгийн газарт үзүүлж байгаа ээлжит шахалт нь саяын үнэ өсөлт юм. Ийнхүү шатахууны үнэ нэмэгдсэн асуудал ард иргэдийн амьдралыг "идэж мэрж" байна шүү. Энэ нь Засгийн газарт бас л хамаагүй мэт байх нь хачин бишүү.

 

Д.Бичээчхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин