Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч 87 настай П.Бадарч гуай харааны бэрхшээлтэй. Тэрбээр зүрх, бөөрний хүнд өвчтэй бөгөөд үр хүүхдүүд нь хаяад явжээ.

Иймд улсын асрамжийн газарт найдахаас өөр аргагүй болсон гэдгээ илэрхийлээд байна. Хэдийгээр эхнэр гурван хүүхдүүдийн хамт амьдарч байсан ч хань нь зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж, хүүхдүүд нь өрх тусгаарлах болжээ. Хоёр жил гаруйн өмнө том охин нь  аавыгаа асарч байсан ч хуурамч итгэмжлэл үйлдэж тэтгэврийн дөрвөн сая 555 мянган төгрөгийг нь  авч явснаас хойш холбоо тасарсан аж.

П.Бадарч гуай улсын  байгууллагад 43 жил ажиллахдаа барилга бүтээн байгуулалтын их үйлсэд залуу нас хүч чадлаа зориулж, 1989 онд тэтгэвэртээ гарсан байна. Гэвч ТӨХК-д ажиллаж, гагнуур хийж явахдаа хорвоог харах нүдээ үүрд алдсан аж. Үүнээс илүү амьдын зовлон эдлүүлж яваа орь ганцааранг нь хаяад явсан үр хүүхдүүддээ гомддог гэж хэлэхдээ ” Хоёр охин минь аавыг асарч чадахгүй, улсын асрамжинд явуулж өгөөч гэж дүүрэгт өргөдөл өгсөн. Асрамжаас үр хүүхдүүдтэй гээд аваагүй, Гэтэл үр хүүхдүүдтэй байгаад над шиг хогонд хаясан цаас шиг байгаад яах юм бэ, Хараагүй болтлоо өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхдүүддээ гомддог. Хүүхдүүд минь намайг алагчилж гудамжинд шахуу орхиод явсан. Заримдаа нойр хүрэхгүй зүрх өвдөнө. Хааяа хөршүүд тусалдгийг эс тооцвол эзгүй шахуу байшинд ганцаар байгаа надад улсын асрамжнаас өөр найдвар алга” хэмээн хоолой нь зангиран өгүүлж байв.