Профессор Д.Чулуунжав: Уйгаржин Монгол үсэг, бичгийн учир, аацаа

Хүннү улс анх үүсэх үед ч тэр, мөн Хүннү улс томорсоор Хүннүгийн эзэнт гүрэн болж хувирахад ч тэр түрэг хэлтэн олон нүүдэлчин аймгууд монгол хэлтэн олон нүүдэлчин аймгуудтай хаяа залган оршиж, хааяа бүр хэсэгчлэн холилдож, заримдаа түрэг хэлтэн аймгууд улстөрийн зонхилох хүчин болон хувирч монгол аймгуудыг эрхшээж ч явжээ. Хүннү улсад монгол хэлтэн бусад овог, аймгууд нэгдэж хүчирхэгжсээр НТӨ III зууны эхээр хавь орчны олон хэлний нүүдэлчин аймгуудыг мөн байлдан дагуулж эзэнт гүрэн болжээ. Улстөрийн удирдах, зонхилох хүчин нь монголчууд байж, тэдний бодлого, зорилгыг хэрэгжүүлэх байдлаар оршин тогтнож байсан Хүннү гүрэн задарч олон хуваагдах үед монгол Сүмбэ аймгийн сурвалжит язгууртнууд хүчирхэгжиж Сүмбэ гүрнийг байгуулжээ. Энэ гүрэн мөн л дотоод зөрчил ба гадны сөрөг нөлөөнд автаж бутрах үед монгол Нирун аймаг улстөрийн санаачилгыг гартаа авч Их Нирун гүрнийг буй болгожээ. Нирун гүрний бүрэлдэхүүнд багталцаж байсан түрэг, уйгар, киргизүүд удаа нь ээлж дараалан идэвхижиж Нируны удирдлагыг гартаа аван Түрэгийн эзэнт улс, Уйгарын эзэнт улс, Киргизийн эзэнт улсыг өвөг монголчуудын газар нутаг дээр байгуулцгаажээ. Улирах цагийн аясаар тэр улсууд ч бас мөхжээ. Харин үндэснийхээ хэл, соёлыг хадгалж чадсан монгол ханлиг, аймгууд тэр үед дахин хүчирхэгжээд нэгдэж нийлцгээжээ. Цэрэг, зэвсгийн хүчээр хэрэгжсэн энэ ажлыг Е.Тэмүүжин удирдаж амжилттай дуусгасан байна.

Нийтийн тооллын VII, VIII зуун гэхэд Төв Азийн нүүдэлчдийн дунд ихэд монголжсон уйгарууд, бас ихэд уйгаржсан монголчууд буй болжээ. Чухам тэр цаг үед уйгаржсан монголчууд уйгар үсэг, бичгийг хэрэглэж эхэлсэн байна. Уйгар үсгээр тэр цагийн өвөг монгол хэлийг бичих дүрэм ч боловсрогдож аажмаар хэвшиж тогтжээ.

Уйгаржсан монголчуудын хэрэглэж асан бичиг, үсгийг цаашдаа Онгуд, Хэрэйд, Найман, Кидан зэрэг монгол аймгууд, бас алсдаа Кидан улсын бүрэлдэхүүнд багталцах болсон олон монгол аймаг хэрэглэх болсон байна. Ингэж уйгар үсэг, бичиг “аажим нэвчих” аргаар газар авсаар XIII зуунд Монголын төрийн бичиг болсон түүхтэй. Гэхдээ Монголын язгуурын хорь шахам аймаг, олон зуун овгийн хүмүүс бүгд бичиг үсэгт тайлагдчихсан гэсэн үг биш. Зөвхөн л бичиг хэргийн хүмүүс, томоохон сурвалжит язгууртнуудын хөвгүүд л гэрийн сургалт, албан шахалтаар (сурахад тийм ч амархан бус) уг бичигт нэлээд цаг зарцуулж байж тайлагддаг байжээ. Ийм байдал бүр XIX, XX зуун хүртэл үргэлжилснийг бид мэдэх билээ. Нэлээн эртний өвөг монгол хэлэнд анх тохируулан зохиомжилсон энэ үсэг, бичиг сурахад хүнд гэхээр бичиг, үсгийн тоонд ордог. Энэнийг бусад орны монгол судлаачид ч ер нуудаггүй.

Эдүгээ бид монголжсон оросууд гэж монгол хэлээр ярьдаг, монгол бичиг мэддэг оросуудыг нэрлэх болжээ. Яг л үүний адил уйгар хэлээр ярьдаг, уйгар үсэг, бичиг мэддэг монгол хүмүүс (уйгаржсан монголчууд) хил залгаа буюу зэрэгцэн оршихын эрхээр, мөн уйгарууд монголчуудын газар нутаг дээр төр улсаа байгуулсан нөхцөлд олноороо буй болсон ажээ.

Бид монголжин гоо (монгол хэв шинжийн үзэсгэлэнтэй гэх утгаар) хэмээн ярьдаг шигээ уйгаржин монгол бичиг гэж нэрийдсэн бололтой. Энэ үсгээр бичиж байсан өвөг монгол хэл өөрчлөгдсөөр өнөөгийн бидний монгол хэл болж хувирчээ. Хэрэв бид бичгийн хэлээ өвөг монголоор нь үлдээгээд ярианы хэлээ өнөөгийнхөөр байлгах аваас тэдний хооронд хэтэрхий их ялгаа гарч монгол хүү, охид бараг л хоёр (өөр) хэл сурах үүрэгтэй болох юм. Ийм бэрхшээл, хүндрэлийг цааш цаашдын хүү, охиддоо бэлдэж өгөх нь хэр ухаалаг алхам юм бэ?…

Монгол хэлийг уйгар үсгээр тэмдэглэх ёс, дүрмийг анх монгол хүн ч зохиогоогүй байж болох юм. Харин хойш хойшид нэмж орсон өөрчлөлт, шинэчлэлтийг монголчууд өөрсдөө хийсэн нь үнэн биз ээ. Жишээ нь уйгар бичиг, үсгийн нэгэн салбар гэхээр тод монгол бичиг байна.

Дэлхий дахины жишээ, баримтаас үзэхүл аль ямар ч үсэг, бичгийг аль ямар ч үндэстний хэлэнд тохируулан засамжлан хэрэглэж болдог ажээ. Монголчууд бид одоо латин үсэгт шилжлээ ч гэсэн болохгүй гэх газаргүй болоод байна. Гар утсаар мессеж бичиж харьцахдаа өнөөгийн залуус бүр гаршчихжээ. Хэлзүйчид зохих дүрмийг нь боловсруулаад өгчих юм бол монголчууд латин үсэг, бичигт бараг өөрсдөө үл анзааран шилжихүйц болчихлоо. Энэ хэрэгт элдэв албадлага ер байгаагүй билээ. Хөгжил, хувьсал бол өөрийн нь өөрөөсөө төрүүлдэг өөрчлөлт байх аваас л зохистойд тооцогддог жамтай.

 

Хэл бол их өөрчлөгдөмхий зүйл. Өөрөө ч их хувьсдаг, бас өрөөлд ч их өртдөг, хэлэх дуудах нь ч тэр, үгсийн сан нь ч тэр тасралтгүй өөрчлөгдсөөр байдаг. Нэн эртний өвөг монгол хэлийг XIII зууны монголчууд ойлгохгүй, XIII зууны монголчуудын хэлийг өнөөгийн бид ойлгохгүй. Өнөөдөр бид яаж ярьж байна вэ түүнийг л тэр янзаар нь бичвээс зохистой. Ярьж буй хэл маань түүний бичих хэлбэрээс холдох, ялгарах нь илүүц олон хүндрэл, бэрхшээлийг үүдэх болно.

 

Латин, кирилл, ханз, араб үсэг, бичгийн тархсан зам, мөрөөр мөшгөн үзэх аваас тэдний аль нь ч гэсэн ихэнхдээ зүг зүгд нэвчих, алгуур газар аван өргөжих, сулдаа тэлэх аргаар тархсан байх ажээ. Гэвч хил залгаа, хаяа нийлж орших улсууд руу төрийн бодлогоор хүчлэн тархаасан, эсвээс тэд бодлогоор шууд авч өөриймшүүлсэн тохиолдол ч бас олон байжээ. Ялангуяа авиаг тэмдэглэсэн үсэг, бичгийн тархалт-нэвчилт богино хугацаанд тун ч эрчимтэй явагджээ.

Үсэг, бичгийн тархалтыг ус, чийгний нэвчилттэй адилтган үзэж болох юм. Манай жишээн дээр тогтож ярилцъя.

Уйгаржин монгол бичигтэй холбогдуулан дараах байдлаар бодож, сэтгэж болох ажээ. Энэ үсэг, бичиг бол монголчууд бидний өөрийн бүтээл биш. Анх зохиосон эзэд нь өөр улс орны хүмүүс. Анх хэрэглэж байсан улс орон нь Евразийн өмнөд бүс нутгийнхан л болов уу. Хүмүүсийн оюун санааны амьдралтай холбоотой, оюуны соёлтой холбоотой олон зүйлсийг өвөг монголчууд эртний Шумер-Вавилон, Сири-Арамей, Энэтхэг, Иранаас эхтэйгээр дамжуулан авсаар л байжээ. Баруун өмнөд Ази, Зүүн өмнөд Европ руу чиглэсэн нүүдэлчдийн түүхэн их урсгал хөдөлгөөний эргэх холбоо, хариу мэдээлэл, цуурай, сөрөг нэвчилт болж энэ бүхэн хэрэгжсэн байж ч болох талтай. Нүүдэл, суурьшил хосолсон Согд, Хотан, Төвд, Уйгар зэрэг улс орноор дамжин эртний соёлын томоохон голомтнуудаас Умар руу түгсэн олон зүйлийг өвөг монголчууд мөн нэн эртнээс нааш өвөрчилсөөр ирсэн нь тодорхой болсоор байна. Монгол үгсийн бичлэг, дуудлага, өгүүлбэрийн бүтэц зэргээс улбаалан шинжлэх аваас бүр VII-X зууны үеийн зарим монгол аймаг уйгар үсэг, бичгийг хэрэглэж, бичих, дуудах дүрмийг тогтоон хэвшүүлсэн, тэр нь XI-XII зуунд уламжлагдан ашиглагдсаар Их Монгол улсад өвлөгдөн үлдсэн байж ч болох ажээ.

Уйгаржин монгол бичиг XIII зуунд албан ёсны, төрийн бичиг болсон хэдий ч түүнийг арай хялбар, дэвшилттэй, монгол хэлний олон аялгуунд тохирсон өөр үсэг, бичгээр солих оролдлого бүр XIII зууны эцсээс нааш олон удаа гарсаар ирсэн нь цаанаа олныг агуулж (нууцалж) буй юм. Бид тэр бүх оролдлого, санаархлын шалтаг, шалтгаан, учир, аацааг таньж, тооцож байж л юунд, хэрхэн хандахын зохистойг тогтоох, оновчтой шийдлийг олох ёстой. “Эртнээс нааш хэрэглэж ирсэн болохоор одоо сэргээж хэрэглэх, төрийн бичиг болгох учиртай” гэж үздэг хүмүүс “ашгаасаа илүү их хохиролтой, бартаа бэрхшээл ихтэй, хувь хүний амьдрах цаг хугацааны тодорхой хэсгийг үргүй зарах эрсдэлтэй, ирээдүй үгүй, даан их удалгүй мухардах, эргэж буцахаас өөр гарцгүй болох зам руу” биднийг түлхэж байж ч болох юм. “Долоо хэмжиж нэг огтлох”-оос ч илүү их хянуур, тооцоотой, ухаалаг хандах асуудал мөнийг хэн хүнгүй, дээр дооргүй ойлгох, хаширлах, бусдыг сонсох, бясалгаж бодох учиртай. Халуун эх оронч дүр эсгэх, үндэсний соёлын өв уламжлалд ихээхэн элэгтэй хүний дүрд тоглох, дараа дараачийн одон, гавъяанд хүрэхийг хүсэмжлэх, ухааныхаа цар, хүрээ, түвшинг огоорон мэдэмхийрэх, сонгогчдын санал авах хэрэгсэл болгож “үндэснийхээ” бичиг, үсгийг сэргээж төрийн бичиг болгох нь зөв гэж хоосон сүржигнэх мэтийн гаж үзэгдэл ялануяа улстөрчид гэж өөрсдийгөө дөвийлгөн нэрлэсэн хоосон толгойтнуудын дунд өргөжих, газар авах болов.

Үндэсний, төрөлх хэл ба түүнийг тэмдэглэдэг бичиг, үсэг хоёрын хувьд амьд эх хэл маань л чухал тал нь, мөн чанар нь, үнэт агуулга нь билээ. Улс, үндэстэн бүхэн эх хэлээ ямар ч үсэг, бичгээр тэмдэглэж болно. Үсэг, бичгээ хэд ч сольж болно. Ингэлээ гээд төрөлх хэл нь хохирохгүй, харилцааны хэрэглүүр болох утгаараа эх хэл хөгжсөөр, улам бүр баялаг болсоор л байх болно.

“Нэг үсэг, бичиг нь хэлийг хөгжүүлдэг, нөгөө нь харин хэлийг мөхөхөд хүргэдэг” мэтээр ойлгох, үзэх нь буруу. Үсэг, бичиг маань эзэмших, ашиглахад хялбар, аль болохоор цөөн тэмдэгттэй байваас сайн…

Бүх ард түмний зохиосон түмэн янзын дууны аяыг нэг л янз тэмдгээр ноотлодог. “Үгүй ээ! Бид үндэснийхээ ноотыг л зохиож хэрэглэх ёстой…” гэх хүмүүн одоогоор алга байна шүү дээ. Энэний адил гариг дахинаараа нэг л үсэг, бичигтэй, нэг л “цагаан толгой”-той байх цаг ирэх болно. Хүссэн ч, эс хүссэн ч сурах, ашиглахад төвөгтэй үсэг, бичгүүд нийтийн хэрэглээнээс хасагдах л болно. Яг л элдэв янзын зурган бичгүүд шиг түүх болон үлдэх л болно.

Яаж ярьж байна вэ, тэр үгийг үсэг, бичгээр тэр янзаар нь л тэмдэглэдэг, мөн ярих дуудлагаараа л уншигддаг байх нь сурах, ярих, бичих, уншихад зохистой.

 

 

XIII зууны эхэнд Чингис хаан Их Монгол улсыг байгуулах үед бүрэлдсэн хэл яриа, үсэг бичгийн бодит нөхцөл тун ч сонихон, их ч ээдрээтэй байв. Гэхдээ их прагматик, том реалист Тэмүүжин төрийн бичгийн хувьд яах ч аргагүй л зөв, оновчтой гарцыг олжээ. Төв Азийн нүүдэлчдийн дунд (олон хэлний нүүдэлчдийн дунд) хамгийн их тархсан үсэг, бичиг бол уйгар үсэг, бичиг болохыг тэрээр олж харжээ. Тэр цагт үнэхээр ч уйгаржсан түрэг хүн, уйгаржсан киргиз хүн, уйгаржсан хотан хүн, уйгаржсан манж, тунгус нар олон байжээ. Тэрчлэн Уйгарын хэл, соёлын нөлөөнд нэлээд автсан язгуурын монгол аймгууд ч бас байжээ. Ийм бодит байдал нь Их Монгол улсын үед, залгаад Монголын эзэнт гүрний үед үргэлжилсэн нь ч тодорхой билээ.

Уйгар үсэг, бичгийг цөөн тэмдэгттэйгээр хэрэглэх боломж, нэг үсгийг 2-3 янз ойролцоо авиагаар уншиж ойлгох боломж, харьцангуй богино хугацаанд бичиг хэргийн түшмэдүүдийн эгнээг буй болгох боломж, ер төрийн хэрэг, худалдаа болон цэрэг, гадаад харилцааны хэрэгт уйгар үсэг, бичгийг ашиглах боломж зэргийг олж харнаа гэдэг бол томоохон сэтгэгчийн хувьд л байх чадвар юм. “Г”-ээс “Х” хүртэлх авиа, “З”-ээс “Ж” хүртэлх авиа, “Д”-ээс “Т” хүртэлх, “Ө”-өөс “Ү” хүртэлх авиа зэргийг нэг л үсгээр тэмдэглээд олон янзаар унших, дуудах нь яг л тэр цагийн онцлог нөхцөлийн хэрэгцээ, шаардлага байжээ. Монголын эзэнт гүрний үед бүрэлдэхүүнд нь өнөөгийн ястнуудын дээд өвөг, түрэгүүд, уйгарууд, киргизүүд, хотан нар, согд нар, манж тунгус нар гэх мэтчилэн үхрийн бөөр лугаа алаг бүрэлдэхүүн, бүтэц байсныг эргэж нягтлах аваас бичиг, үсэг дэх олон утгат, олон дуудлагатай, гайхмаар уян хатан байдал нь бүгд л тэр цагийн бодит хөрснөөс улбаа, гаргалгаатай байжээ. Харин ийм ховор, хачин үеийн гарц, шийдлийг одоо цагийн нэг л үндэстнээс бүтдэг ард түмний хувьд улируулан хэрэглэх гэж оролдох нь үнэндээ бол “жинхэнэ тэнэглэлтэй хил залгасан цэцэрхэл, ухаан” болох биз ээ. Хэлзүйчид минь ээ, улстөрчид минь ээ юуны өмнө эх хэлээ бод, ард түмнээ хар, энэ цаг хийгээд ирээдүй цагийн хэрэгцээ, шаардлагыг тооц, дэлхий дахины бодит хандлагыг харгалз, сурах ба хэрэглэхийн хялбар, дөхмийг сонго, хэн нэгний богинохон ухаанаар биш яг л амьдралаар өөрөөр нь долоо хэмжүүлж байж мөн өөрөөр нь нэг огтлуул! Энд хоосон цэцэрхэл, гэнэхэн ухаан, төрийн хүчирхийллийн аль нь ч хэрэггүй. Эх Монгол хэлээ хэзээ ямар үсэг, бичгээр тэмдэглэх, илэрхийлэх нь цаг цагтаа амьдралаас өөрөөс нь ургаж гардаг шийдэл юм шүү. Ертөнц даяхнаа ч тийм л байж иржээ.

Даяарших үйл явц хэнээс ч үл хамааран үргэлжлэх, гүнзгийрэх л болно. Хамгийн их даяарших зүйл эн түрүүнд харилцааны хэрэглүүр л байх болов уу. Энэ үнэн бол монголчууд бидэнд ямар үсэг, бичиг хэрэгтэй вэ?

Орчин цагийн монгол хэлээр ярьж хэлд орсон бид бүхэнд уйгаржин монгол бичиг наад зах нь дараах бэрхшээлүүдийг үүдэх болно. ҮҮНД: Нэгдүгээрт, зөв бичихэд хэцүү, Хоёрдугаарт, зөв уншихад хэцүү, Гуравдугаарт, уншсан үгсээ нийлүүлж утгыг дав даруй ухаарахад хэцүү, Дөрөвдүгээрт, нэг үсгээр хоёр гийгүүлэгч авиа, мөн хоёр эгшиг авиаг тэмдэглэдгээс цаашид цахим техникт оруулах, автоматжуулахад хэцүү, Тавдугаарт, утга ба дуудлагыг нь эс мэдэх гадаад шинэ үгсийг зөв дуудахад хэцүү, Зургадугаарт, авиа тус бүрийг үгийн эхэнд, дунд, эцэст өөр өөрөөр тэмдэглэдэг нь илүүц (35 үсгийг 105 болгодог), Долоодугаарт, 6-7 настай хүүхдийг үсэг, бичигт сургахад тэдний балчир оюунд үүрэгдэх ачаалал, логик ачаалал кирилл үсэгтэй харьцуулахад гурав дахинаас багагүй нэмэгдэх хүндрэл буй, Наймдугаарт, хүүхэд бүр хэрэг дээрээ ярьдаг монгол хэл ба бичдэг монгол хэл гэх хоёр хэл (өөрөөр хэлбэл орчин цагийн монгол хэлээр ярьж, X-XIII зууны үеийн монгол хэлээр бичих болдог) сурах болж их цаг алдана, Есдүгээрт, орчин цагийн ярианы хэлний цаашдын жам ёсны чөлөөт хөгжил зүй бусаар сааталд орж өнгөрсөн рүүгээ эргэж хургах ээдрээт байдал хэл ба сэтгэхүйд үүсэж тодорхой бус янз ноёрхох бэрхшээл ч бас гарах болно…

Дээр дурдсан зүйлүүд бол үүсэж болох бэрхшээл, будлианы зөвхөн багаахан хэсэг нь юм. Урьдчилан олж харах боломжгүй байсан хачин, сонин гажуудал ч бас гарах аюул гэж буй…

 

 

Өнөөдрийн бид мөнх байх биш. 50-60 жил өнгөрөхөд л кирилл үсэг бичигт тэгтлээ дассан өнөөгийн хүмүүс алга болсон байх болно…

Монгол үсгийг латин үсгээр зөв бичих дүрэм хэрэгтэй байна. Яахав, тэр нэгдсэн дүрмээр хүмүүс (залуус) мессеж бичиж л байг. Кирилл, латин хоёр зэрэгцээд хэрэглэгдэж л байг. Цаашдаа хэрхэхийг Амьдрал багш заагаад л өгнө. Түүний шийдвэр л үнэн, зөв байх болно. Энэ хэрэгт хүч, албадлага, яаруу давчуу шийдэл, хийрхэл огт хэрэггүй.

Бид монгол үсгийг кириллээр зөв бичих нэгдсэн журам, тольтой боллоо. Латин үсгээр зөв бичих дүрэм ч удаан хүлээлгэхгүй байх. Энэ хоёр үсэг бичиг чинь яг хэрэг дээрээ бол бараг л адилхан юм шүү дээ. Алиныг нь ч гэсэн саадгүй хэрэглэдэг чадвар дорхноо л буй болно. Гэхдээ алс ирээдүйд аль нь үлдэж хоцрохыг тэр ирэх цагийн хэрэгцээ, шаардлага л мэдэх биз ээ.

Яг өнөөдөр гэхэд л бид бүхний оюун санааны амьдралын уг сурвалж, илрэл болсон бүх зүйлс (үлгэр, түүх, сурах бичиг, дуу, шүлэг, бүх салбарын мэдлэг г.м) кирилл үсэг бичгээр туурвигдсан байгаа бодит байдлыг юуны өмнө тооцох ёстой. Тэр “далай их эрдэнэ”-ээ хүндлэх, дээдлэх учиртай. Латин үсэг бичиг мэддэг монгол хүн кириллээр бичсэн зүйлсийг ч уншиж, ойлгож чадна. Энэ бол ашиглаваас зохих таатай нөхцөл юм шүү. Харилцан хөрвөх боломжтой хоёр үсэг бичиг, нэг хэл – орчин цагийн монгол хэл!! Өөр юу хэрэгтэй юм бэ?

 

Судлаач, профессор Д.Чулуунжав