1950-1953 оны Солонгосын дайны үед гэр бүл, төрөл саднаасаа тусгаарлагдаж өнөөг хүртэл уулзах боломжгүй амьдарч байгаа 700.000 орчим Солонгос иргэд байдаг аж.

Өмнөд Солонгосын талаас эдгээр гэр бүлийн гишүүдийг уулзуулах саналыг Хойд Солонгосын талд тавьдаг ч тэд энэ саналыг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй байна. 2000 оноос хойш нийт 20 удаагийн уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр 20.000 орчим Солонгос иргэд гэр бүлийхэнтэйгээ сүүлийн удаа уулзаж элгээ дэвтээсэн байдаг ажээ.

Тэдэнд гэр бүлийхэнтэйгээ уулзах хоёрдахь боломж гэж байдаггүй учир эхний бөгөөд сүүлийн удаа сураг тасарсан үр, хүүхэд, аав ээж, ах дүү нартайгаа уулздаг ч зарим нь уулзах өдрийг хүлээж амжилгүй нас бардаг байна. 

Тэгвэл өчигдөр Өмнөд Солонгосын 100 орчим иргэд Хойд Солонгосын хилийг давж Кумганг амралтын газар гэр бүлийнхэнтэйгээ уулзалджээ. 7 хоног үргэлжлэх уг уулзалтаар 500 орчим өмнөд болоод хойд Солонгосын иргэд төрөл садантайгаа уулзах боломжтой болох юм. Эдгээр иргэдийн дийлэнхи нь өндөр настай иргэд бөгөөд 130.000 гаруй иргэд хойд Солонгост үлдсэн гэр бүлийхэнтэйгээ  уулзах хүсэлт тавьсан байдаг ч эдгээр иргэдийн тал хувь нь уулзах өдрөө хүлээж амжилгүй нас бардаг байна. 

www.Seen.mn